Ногоон автобусны хэрэг, Боловсролын зээлийн хулгай, Хөгжлийн банкны хэрэг, Хүүрсний хэрэг гээд томоохон авлига, албан тушаалын хэрэгт төрийн өндөр албан тушаалтай хүмүүс нэр холбогддог ч хариуцлага хүлээдэг нь цөөн. Түүнчлэн авлигачид өөрсдөө гэгээн дүр үзүүлж, “Дарангуйлал тогтлоо” гэх үгээр халхавчилж, тэр үгнийхээ ард гэмгүй мэт байсаар байна. Яг л адгийн хорлогчид эх орон гэсэн үгээр халхавчилж нуугддаг бол, авлигачид дарангуйлал гэсэн үгээр өөрсдийгөө өмгөөлдөг болж.
-АВЛИГАЧДЫН ӨМНӨӨ БАРЬЖ ХЭЛДЭГ ГАНЦ ҮГ НЬ “ДАРАНГУЙЛАЛ ТОГТЛОО” ГЭХ ҮГ-
Тухайлбал, АТГ-аас өнгөрсөн зургаадугаар сард /2025.06.24/ Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн айлд нэгжлэг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Тус айлд нэгжлэг хийлгэхгүй. Миний ойр тойрны туслах янз бүрийн хүмүүсийг шалгаад зовоож байгаа" гэх зүйлсийг ярьж, лайв бичлэг хийж, сүрийг үзүүлсэн байдаг. Улмаар түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж, улмаар хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл "Босоо" гэх С.Ганбаатар нарыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэлтэй газрыг бусдад худалдаж, хууль бусаар шилжүүлж, түүнийхээ хариуд аж ахуй нэгжүүдээс их хэмжээний мөнгө авч, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байгаа юм.
Гэтэл С.Ганбаатар, “УИХ-ын гишүүн Би У.Хүрэлсүхийн эсрэг үг хэлсэн. Би дуугүй байж чадаагүй. Энэ нь миний буруу. Монголын үйлдвэрчний холбоо /МҮЭХ/-г удирдаж байсан асуудлыг тэд хөндөж байгаа” зэргээр өөрийгөө өмөөрч, "дарангуйлал" гэсэн үгийн ард өөрийнхөө гэмийг нуусан.
Үнэндээ, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёрхон компанитай гэж мэдүүлсэн байдаг ч эхнэр Б.Тунгалагийнхаа нэр дээр үйл ажиллагаа явуулдаг 29 орчим компани, ТББ-тай аж. Гэтэл эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй 20 гаруй компани, ТББ-ын алийг нь ч С.Ганбаатар хөрөнгө орлоготоо дурдаагүй бөгөөд хөрөнгөө нуун дарагдуулсан ноцтой баримтын сэжүүр эндээс олдсон байж магадгүй гэдэг. Мөн С.Ганбаатар МҮЭХ-ны газрыг “МДТОФ” ХХК-д хууль бусаар шилжүүлж, их хэмжээний авлига авсан байж болзошгүй байгаа аж. Энэ бүхнээс харахад, АТГ-аас түүнийг шалгасан асуудал нь маш тодорхой бөгөөд яллагдагчаар татаад явж байгаа хэрэг. Гэтэл С.Ганбаатар гишүүн “дарангуйлал тогтлоо” гэх үгээр халхавчлан өөрийгөө өмөөрч, хэргээ далдлах гэж оролдож байгаа нь илхнээ харагдаж ажээ.
-АВЛИГАЧИД "ДАРЛАХГҮЙГЭЭР ДАРАГДАХГҮЙ" ТҮВШИНД ХҮРСЭН Ч БАЙЖ МАГАДГҮЙ-
Мөн энд бас нэгэн жишээг дурдвал өнгөрсөн хавар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн тансаг хэрэглээний асуудал хөндөгдөж, залуус орлогоо нотлохыг шаардахад тэрбээр “Намайг унагаж, нэг хүний дарангуйлал манай улсад тогтох гээд байна” гэх утгатай зүйлсийг ярьж байв. Тухайн үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Би ахин Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй” гэсэн мэдэгдэл хийснээр тэр асуудал тэгсгээд намжсан байдаг.
Мөн өнөөдөр ч нүүрсний гэх тодотголтой 40 их наядын хулгайн хэрэг олон нийтэд ил болж төрийн өндөр албан тушаалтнуудын нэрс тодорхой баримттай яригддаг ч мөн л хариуцлага тооцож чадаагүй хэвээр ард түмний итгэл, цөхөрлийг барсаар Монгол Улс авилгад өдрөөс өдөр идэгдсээр байна.
Энэ мэт авлигын хэргүүдэд “тэгсгээд намждаг” жишиг тогтох ёсгүй. Авлигачид, төрийн эрхэнд гарч баяжсан, “дарангуйлал тогтлоо” гэх үгийн ард нуугдаж, гэмгүй дүр эсгэсэн этгээдүүдэд зохих хариуцлагыг нь үүрүүлэхийг иргэд шаардсаар байна.
Монголд шударга ёс тогтоох, ард түмний итгэлийг сэргээхийн тулд маш хатуу арга хэмжээ авах шаардлага үүсэж байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Магадгүй улс төрийн авлига гээч зүйл “дарлахгүйгээр дарагдахгүй” түвшинд хүрсэн ч байж мэдэх юм. Монгол Улс авлигын индексээрээ 180 орноос 114 дүгээр байрт бичигдэж байгаа. Энэ бол манай улс авлигын асуудалд нэн түрүүнд анхаарах ёстой гэдгийн жишээ. Тэгвэл дэлхийн улс орнуудын хэрхэн авлигатай тэмцэж байсныг сөхөн үзвэл,
- Авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах,
- Бэлэн мөнгө хэрэглэхгүй байх,
- Авлигын асуудлыг мэдээлсэн иргэдийг шагнах зэрэг болно.
Мөн БНХАУ, Румын, Турк зэрэг авлигтайгаа бодитоор тэмцэж чадсан улсуудын жишээ өдгөө ч дэлхийд яригддаг. Магадгүй манайд энэ улсуудын тогтоосон "авлигачдыг дарангуйлах", ялын бодлогыг чангатгах зэрэг арга хэрэгтэй байж магадгүй юм.