МАН-ын шинэ даргыг сонгох Удирдах зөвлөлийн хурлыг одоог хүртэл хийгээгүй байна. Улмаар ирэх долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм.
Тэгвэл энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр, “Бидэнд шийдсэн тов байхгүй. Гэхдээ ирэх долоо хоногоос удирдах зөвлөлөө хуралдуулна гэсэн ерөнхий тов байгаа. Удирдах зөвлөлийн хурлыг яаравчлахгүй байгаа гол шалтгаан нь УИХ-ын чуулган эхлэх болоогүй байгаатай л холбоотой байх. Л.Оюун-Эрдэнэ намын даргын хувьд хойш нь татаад байгаа асуудал байхгүй. Би саяхан Л.Оюун-Эрдэнэтэй уулзсан. Ер нь намын хурлаа хийе гэсэн байр суурьтай байгаа. Тэртээ тэргүй Бага хурал дээрээ намынхаа даргын албан тушаалыг өгнө гэдгээ зарласан шүү дээ. Иймд энэ асуудалд эргэж зууралдаад байгаа зүйл байхгүй болов уу л гэсэн дүгнэлттэй байгаа. Аливаа нам ялбал намын дарга нь Ерөнхий сайд болж намынхаа бодлогыг удирдаж хэрэгжүүлнэ гэсэн дүрэм бий. Иймд намын дарга Ерөнхий сайд байна. Ерөнхий сайд намын дарга байна. Энэ бол еэвэнгийн хоёр талтай л адил асуудал” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: