Өчигдөр /2025.08.31/ АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж намын даргаараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгосон. Улмаар үүний дараа АН-ын Их хурал хуралдаж, О.Цогтгэрэлийг тус намын даргаар батламжилсан юм. Одоо О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэх Улсын дээд шүүхийн хуралдааныг хүлээх үлдээд байна.
Тэгвэл О.Цогтгэрэл АН-ын дарга болсноор УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлаа өгөх юм. Иймд бүлгийн даргаар хэн өрсөлдөж, АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон 42 гишүүнийхээ олонхын саналыг авах бол гэдэг нь анхаарал татаж эхлээд байна.
Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн даргад өрсөлдөнө гэдгээ "Морьтон" фракцаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Баатархүү нар, "Фортуна" Н.Батбаярын охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан Нэг монгол фракцаас өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд байгаа аж. Мөн "Хийморь" фракцаас УИХ-ын гишүүн Д.Ганбат ч өрсөлдөж магадгүй байгаа ажээ.
АН-ын даргаар О.Цогтгэрэлийг сонгогдоход АН-ын 1980 оны залуучуудын "Морьтон", Ц.Тувааны тэргүүлдэг "Нэг монгол" фракц ихээхэн хүч чармайлт гаргасан аж. Тухайлбал, С.Эрдэнэболд, Ц.Баатархүү нар АН-ын ҮБХ-ны 168 гишүүний гарын үсгийг цуглуулж, хурлаа хийх шаардлагыг Л.Гантөмөр, О.Амгаланбаатар нарт тулгасан ажээ.