ВИДЕО: Боловсролын сайд П.Наранбаярын хариуцлагагүйгээс болж 10 мянга орчим хүүхдийн сурах сургууль нээлтээ хийж чадсангүй

ВИДЕО: Боловсролын сайд П.Наранбаярын хариуцлагагүйгээс болж 10 мянга орчим хүүхдийн сурах сургууль нээлтээ хийж чадсангүй

Өнөөдөр есдүгээр сарын 1-ний өдөр. Энэ өдөр сургууль бүхэн гурван сар холдсон найзуудын баяр хөөр, шинэхэн элсэгчдийн уйлаан, багачуудын цангинасан инээд гээд хүүхдийн гэх цагаан цайлган, халуун дулаан энергиэр дүүрдэг билээ. Гэтэл зарим сургууль цэцэрлэгт будаг үнэртсэн хоосон анги танхимаас өөр зүйл үгүй байна. Шалтгаан нь энгийн. П.Наранбаяраар ахлуулсан салбар яамны хариуцлагагүй байдлаас буюу тендерээ зарлаж чадаагүйн улмаас өнөөдрийн байдлаар нийт 12 сургууль, 11 цэцэрлэг сандал, ширээ, тоног төхөөрөмжгүй болжээ.

ВИДЕО:

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны хэмжээнд нэг ч сургууль байдаггүй. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн сургууль энэ онд баригдаж дууссан байдаг. ГүйцэтгэгчээрБумбод” ХХК ажиллаж, өнгөрсөн наймдугаар сард Улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэсэн ч салбар яам сандал ширээ тоног төхөөрөмжид төсөвлөгдсөн мөнгийг нь татуулснаар ийнхүү хоосон анги танхимтай хичээлийн шинэ жилээ угтаж байна. Хэрэв уг асуудлыг нь шийдвэрлэчихсэн бол 640 хүүхэд хоёр ээлжээр гээд 1300 орчим хүүхэд шинэхэн сургуульдаа суралцах байлаа.

171-р сургууль бол ердөө нэг жишээ. Энэ онд нийслэлийн хэмжээнд 17 сургууль, 22 цэцэрлэгийн барилга шинээр ашиглалтад орсон. Эдгээрийн тоног төхөөрөмж сандал ширээг бүрэн шийдвэрлэсэн бол 17235 сурагч, 4870 хүүхэд шинэхэн анги танхимдаа суралцах байлаа. Шинэ сургууль, цэцэрлэгт зориулж улсын төсвөөс Боловсролын сайдын багцад 32,4 тэрбум төгрөг суулгаж өгсөн байдаг. Гэтэл салбар яам өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс өмнө тендерээ зарлаж чадаагүй байсаар 11 тэрбум төгрөгөө эргэж татуулсан байна. Үүнээс дүгнэхэд салбар яамны хариуцлагагүй байдлаас болсон гэж дүгнэж болохоор байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн холбогдох байгууллагууд болон Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар уг асуудалд анхаарч зарим сургуулийн ширээ сандал тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр яг өнөөдрийн байдлаар шийдлээ хүлээж буй 12 цэцэрлэг, 11  сургуулийн асуудал торойж үлдлээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Нийслэлийн түгжрэлийн нэг асуудал нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал буюу хүүхдээ нэг байршлаас нөгөө байршил руу зөөж буй асуудал. Энэ асуудлыг шийдээд хүүхдүүдийг эрсдэлт нөхцөлөөс хамгаалж, аль болох зам бага гардаг бодлогын дэмжлэгүүдийг хийж чадахгүй, зохион байгуулж чадахгүй, төсөв мөнгөө хураалгаж байна. Үнэндээ гуниг төрж байна. Шинээр баригдсан сургууль цэцэрлэгүүдэд тоног төхөөрөмжөө аваарай гээд улсын төсөвт 32.4 тэрбум төгрөг суулгаж өгчхөөд байтал 11 тэрбумыг нь татуулчихжээ. Ямар харамсалтай юм бэ. Үүнээс болоод шинээр баригдсан сургуулиудад хүүхдүүд очоод суралцахад наад зах нь ширээ сандал байхгүй. Энэ ажлыг зохион байгуулдаг газар нь Боловсролын яам. Боловсролын яам үүнийг өөрийнхөө сайдад багц болгон суулгаж авсан. УИХ Боловсролын салбарт аль болох төсөв хөрөнгө тавьж өгөхийг хичээдэг. Бид ажлаа хийсэн байна. Гэтэл тавиад өгсөн төвийг ажил хэрэг болгож чадахгүй. Салбар яам үнэхээр арчаагүй байна” гэсэн юм. Уг асуудлаар Боловсролын яамнаас тайлбар мэдээлэл авах гэсэн боловч мэдээлэл өгчих эрх мэдэлтэй хүн олдсонгүй.

Энэ онд 36 сургуулийн 19,184 суралцагч гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байгаа. Мөн Нийслэлийн 141-р сургуулийн нэгдүгээр ангид 630 хүүхэд элссэнээр нэг бүлэгт 70 хүүхэд суралцах нөхцөл байдал үүссэн. Гэтэл хичээл эхлэхээс нэг хоногийн өмнө буюу 8-р сарын 31-ний өдөр Боловсролын сайд солонгос хоолны газар, Cu-гээс талбайгаа түрээслээч хэмээн гуйж явна. Сурагчдын сурах бичиг, ачаалал нь хэтэрсэн багш нарын цалин, ширээ сандалгүй сургууль зэрэг олон асуудал хэзээ шийдлээ олох вэ П.Наранбаяр сайд аа.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө