О.Амгаланбаатар: Л.Гантөмөр дарга өргөдлөө өгсөн. Намын ҮХБ, Их хурлаар дүрэм, намын даргын асуудлыг хамтад нь хэлэлцэнэ

О.Амгаланбаатар: Л.Гантөмөр дарга өргөдлөө өгсөн. Намын ҮХБ, Их хурлаар дүрэм, намын даргын асуудлыг хамтад нь хэлэлцэнэ

АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал пүрэв гарагт /2025.08.28/болж, дараагаар нь буюу энэ сарын 31-ний өдөр /2025.08.31/ /Их хурлаа зарлан хуралдуулж намын даргаа өөрчлөх, үндсэн дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр төлөвлөж буй. Өчигдөр АН-ын зарим гишүүн мэдээлэл хийж, үндсэн дүрмээ шинэчилж баталсны дараа намын даргаа сонгох асуудлыг хэлэлцэх нь зүйтэй талаар мэдээлэл хийсэн. Эл хурлын талаар УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга О.Амгаланбаатараас тодрууллаа. 

ВИДЕО: 

-ЗАРИМ ГИШҮҮДИЙН ШААРДЛАГААС ҮЛ ХАМААРААД БИД ХУРЛАА ХИЙНЭ-

-Танай намын нэр бүхий гишүүд Их хурлыг хойшлуулах саналыг гаргалаа. Өөрөөр хэлбэл, дүрмийн хэлэлцүүлгийг бүх гишүүддээ танилцуулсны дараа Их хурлыг хуралдуулж намын даргын асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж  байгаа юм байна. Тэгэхээр энэ шаардлагыг үл харгалзаад товлосон хугацаандаа ҮБХ, Их хурлаа хийх үү? 

-АН-ын Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/ 160 гаруй гишүүн өнгөрсөн хавар намын даргын асуудлаар шаардлага хүргүүлсэн. Тодруулбал, "Намын даргыг ажлаа өг" гэдэг шаардлагыг тавьсан. Тиймээс хурлаа хийгээд нам цэгцрэх хэрэгтэй байна. Дараагийн удирдлагыг яаралтай сонгож, 2027, 2028 оны сонгуульд амжилттай оролцох хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол Улсын нөхцөл байдал хүнд, ард түмний амьдралын чанар уруудаж байна. Үүнд үнэлгээ хийж бүхий л шатны иргэдийн хурал хариуцлагатай ажиллах ёстой.

Энэ шаардлагыг ирүүлээд байж байтал намын дарга Л.Гантөмөр АН-ын Улс төрийн зөвлөлийн зарлан хуралдуулж, АН-ын ҮБХ-ны хурлыг энэ сарын 28-нд, Их хурлыг энэ сарын 31-нд тус тус хуралдуулах тушаалыг гаргасан. Нэлээн хэд хоногийн өмнө Улс төрийн зөвлөлөөс энэ шийдвэрийг гаргасан. Саяын мэдэгдлээс үл хамаараад товлосон хурлаа хийнэ. 

-ҮБХ-ны хурлаар намын дарга,  намын дүрмийн асуудлыг хамтад нь хэлэлцэх үү? 

-Аль алиныг нь хэлэлцэнэ. Намын дарга өөрөө хүсэлтээ өгчихсөн байхад асуудлыг нь хэлэлцэхгүй байж болохгүй. Дарга ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихсөн байхад хэлэлцэх ёстой. 

-Л.Гантөмөр дарга өргөдлөө өгсөн юм уу? 

-Өгсөн. Улс төрийн зөвлөлийн хурал дээр "Би хүсэлтээ өгсөн. Тиймээс хэлэлцэж өгнө үү" гэж яриад биднээр санал хураалгаад дэмжүүлсэн. Одоо энэ асуудлыг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрмээр шийдэхэд ямар ч хуулийн маргаан үүсэхгүй юм билээ. 

-Тэгэхээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрмээрээ намын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм уу. Угтаа бол шинэ дүрмээ боловсруулж дараа нь түүнийхээ дагуу намын даргыг сонгох ёстой биш үү? 

-Эхлээд намын даргын асуудлыг шийдэх нь зүйтэй. Гэхдээ үүнийг 360 гаруй ҮБХ-ны гишүүд шийдээд явна. ҮБХ-ны хурлаар шийдэх нь зүйтэй гэх саналыг зарим нь гаргах байх. Зарим нь дүрмээ баталсны дараа намын даргын асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэх байх. Олонхоороо шийддэг зарчимтай шүү дээ.

-НАМЫН ШИНЭ ДҮРМИЙГ ХАНГАЛТГҮЙ БОЛОВСРУУЛСАН УЧИР ҮБХ-НЫ ГИШҮҮД ДӨРВӨН ӨДӨР ДАХИН ХЭЛЭЛЦЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ-

-Өнгөрсөн хавар танай намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж намын дүрмийн хэлэлцүүлгийг хийсэн. Гэтэл энэ хэлэлцүүлэг үр дүнгүй байсан гэсэн шүүмжлэл байна. Ер нь АН дүрмээ яаж шинэчилж байгаа вэ. Гол өөрчлөлт нь юу вэ? 

-АН-ын дүрмийг сая Улс төрийн зөвлөлийн хурал дээр анх удаа хэлэлцүүллээ. Ингэж хэлэлцүүлэхэд хуралд оролцсон гишүүд "Дүрэм үнэхээр хангалтгүй байна" гэх шүүмжлэлийг хэлсэн. Ажлын хэсгийг нэмж өргөтгөөд ажиллах гэж байна. Анхан шат, дунд шатны асуудлыг төдийлөн тусгаагүй байна. Нам шинэчлэгдэх үйл явцыг мөн хангалттай тусгаагүй байна гэдгийг гишүүд хэлж байгаа. Аймгаар явж хэлэлцүүлсэн бол дунд шатны гишүүдийн саналыг тусгасан байх ёстой. Тэр саналуудыг бидэнд харуулбал бид нэмээд явна. Миний бие энэ ажлын хэсэгт орсон. Дүрмийг хэдэн сарын хугацаанд боловсруулсан ч засч сайжруулах олон зүйл байна. ҮБХ-ны хурлыг энэ сарын 28-31-ний өдөр урт хугацаатай товлосон нь дүрмээ хэлэлцэхтэй холбоотой. Аймаг, дүүргээс ирж буй ҮБХ-ны гишүүд дүрмийн шинэчлэлийг бүхий л заалтаар нь задлан хэлэлцэж, батлах юм. Өмнө нь яаран, сандран баталдаг байсан бол энэ удаа бүгдээрээ тайван хэлэлцэж, ярилцана. 

-АН-ын даргад нэлээн олон хүн нэр дэвших мэдээлэл байна. Энэ хүмүүс намын даргад өрсөлдөж нийт гишүүдээсээ саналыг нь авахын тулд ядаж мөрийн хөтөлбөртэй байх ёстой. Үүнийгээ боловсруулах, танилцуулах цаг гаргаж өгсөн юм уу? 

-Яг одоо юу ч эхлээгүй байна. Энэ асуудлыг ҮБХ-ны хурал дээрээ шийднэ. Намын даргыг сонгох журам гэж бий. Энэ журамд "ҮБХ-оос намын даргын сонгуулийг эрхлэн явуулах 15 хүний бүрэлдэхүүнтэй, ҮБХ-оос бүрдсэн ҮБХ-ны Дотоод сонгуулийн хороо томилно" гэж заасан байгаа. Дотоод сонгуулийн хорооноос энэ асуудлыг шийдээд явна. Түүнээс хэн нэгэн хүн, намын дарга энэ асуудлыг шийдэх боломжгүй. Олонхоороо шийднээ. 

-МАН-ын улс төр есдүгээр сард эхэлнэ гэсэн мэдээлэл бий. Энэ том намын зодооноос өмнө та хэд асуудлаа цэгцэлчихье гэж та хэд яарч байна уу? 

-Хүний намын яах бидэнд хамаагүй. Бид өөрсдийнхөө замаар явна. Өнгөрсөн жилийн хугацаанд шүүмжилсэн нэг зүйл бий. Монголын ард түмэн АН-ыг сөрөг хүчин болгосон. Гэтэл бид Засгийн газарт хамтарсан. Ардчиллын хувьд хүнд үе байсан. Парламентын 90 гаруй хувийг нэг хайрцаганд хийж сөрөг хүчний дуу хоолойг ард түмний дуу хоолойтой нь хамт хорьсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөтэй ажиллах орон зайг ч хорьсон. Үүнийг хойшид дахин тохиолдуулж болохгүй. Тэр бол аюул байсан. Харин хууль зөрчсөн тэр Засгийн газар огцорсон нь Монголын ардчилалд маш том өөрчлөлтийг эргэн авчирсан. Ард түмнийг төлөөлөх эрхээ хэрэгжүүлэх эрх гишүүдийн хувьд нээгдлээ. Өмнө нь хаалттай байдалд байсан шүү дээ.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө