УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн О.Алтангэрэл, Ш.Бямбасүрэн, Ч.Лодойсамбуу нар мэдээлэл хийлээ. Тэд АН эхлээд шинэ хуульд нийцсэн дүрмээ баталж, дараа нь даргаа сонгох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлэв.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл “АН-ын үндэсний бодлогын хорооны хурлыг энэ сарын 28-нд зарласан. АН-ын их хурлыг энэ сарын 30-нд хийнэ. Энэ хурлаар намын дүрэм болон даргын асуудлыг хэлэлцэнэ. Энэ онд батлагдсан “Улс төрийн намын тухай хууль” болон “Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-иар улс төрийн намууд дээрх хуулиудыг баримталж, дүрмээ шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд хүргүүлэх заалт бий. Харин АН анхан шатны нэгж болох гишүүдээрээ дүрмээ хэлэлцүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл, намын анхан шатны нэгж дээр байгаа гишүүд дүрэмдээ саналаа өгөх эрхээ хязгаарлуулчихсан. 2017 оны сунгаанаас хойш АН гишүүд дээрээ очсонгүй. Хамгийн эхэнд намын дүрмээ батлах хэрэгтэй байна. Гишүүдтэйгээ хэлэлцэх хэрэгтэй байна. Үүний дараа дарга, цэргийн асуудлаа ярилцах хэрэгтэй байна. Хэдхэн хүн намын даргыг шийдвэрлэх ёсгүй. Нийт гишүүдийн үгийг сонсдоггүй, хэдхэн хүн дарга сонгоно гэж гүйдэг, хурлаа тулгаж зарладаг байх нь буруу юм. Хуулиа, дүрмээ барья гэж өнөөдрийн хэвлэлийн хурлаа хийж байна. Өмнө нь намын дүрмийг 21 аймгаар хэлэлцүүлсэн зүйл байхгүй. Би гэхэд 25 сум дээр ажилласан. Шинэ дүрмийн төслийг харсан хүн тэнд нэг ч байхгүй. Дандаа дарга төвтэй нам байж болохгүй, гишүүдийн саналыг тусгая гэж байгаа хэрэг. Ирэх 12-р сарын 31-нээс өмнө бид шинэ дүрмээ заавал бүртгүүлэх хуультай. Энэ дүрмийн хүрээнд шинэ даргын асуудлыг ярих ёстой. Дүрэм хэзээ ч Улс төрийн намын тухай хуулийг давж үйлчлэхгүй. Их хурал болдгоороо болж таарна. Гэхдээ дүрмээ эхэлж ярья. Дараа нь Их хурлаа хийе. Их хуралд 1206 хүн ирж оролцдог. Хэн дарга болох, болохгүй нь дараагийн асуудал юм. Энэ намаа гишүүддээ ойртуулъя, дүрмээ баталъя" гэв.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Хэдхэн хүний зурсан зураг дундуур явахгүй гэдгийг залуус анх намд элсэхдээ илэрхийлсэн. Зарчмын хувьд залуу гишүүдтэйгээ санал нэг байна. Намын тамга тэмдэг, гэрчилгээний гээд яарсан асуудал бүрдээ даарч үзсэн. Тэгэхээр яараад яах вэ дээ гэдэг зарчим дээр байна. Намын даргыг сонгох журам бол 2005 оны, хуучин хуульд нийцүүлсэн зохицуулалт. Одоо шинэ хууль хэрэгжиж байгаа. Тийм учраас мордохын хазгай болмооргүй байна. Хоёрдугаарт, АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ зарласан цөөн хүн байна. Ил зарлаагүй ч олон нийт мэдэж эхэлсэн хүмүүс ч байна. Тэдгээрээс өмнө эхлээд дүрмээ шинэ хуульдаа нийцүүлж баталмаар. Дараа нь шинэ дүрэмдээ уялдуулан намын даргын сунгаагаа явуулъя гэсэн байр суурьтай байна. Одоо хүчин төгөлдөр байгаа дүрмээр, намын даргад өрсөлдөгч нь зургаан сарын өмнө намд элссэн байх ганц шаардлагатай. Бид дүрмээ бүртгүүлээгүй байж даргаа сонгочихвол, дахиад л бүртгэгддэггүй даргынхаа хуучин зовлон руу давтаж орно” гэлээ.