Н.Учрал: Эрчим хүчний нүүрсний үнийг индексжүүлэн зарах журмыг баталснаар нүүрсний экспорт сайжирна

Н.Учрал: Эрчим хүчний нүүрсний үнийг индексжүүлэн зарах журмыг баталснаар нүүрсний экспорт сайжирна

Засгийн газрын өнөөдрийн /2025.08.20/ хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцууллаа.

Тэрбээр, "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Монгол улсын Ерөнхий сайдын долоодугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр захирамжаар экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Долоодугаар сарын 21-ээс хойш бид энэ ажлын хэсгийн хүрээнд гурван дэд ажлын хэсэгт хуваагдан ажилласан. Тухайлбал, уул уурхайн болон уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжрулах чиглэлээр ажилласан. Эдийн засаг агшиж буй энэ үед төсвийг тэлэх, мөчлөг сөрсөн бодлого баримталж байна. Тэр дундаа, экспортыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн орон зайг бий болгох, экспортыг шат дараатай нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилтууд агуулсан. Өнгөрсөн хугацаанд уурхайн экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Сайн мэдээ гэвэл долоодугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 19-ний хооронд, нэг сарын хугацаанд өмнөх саруудын дунджаас 30 хувиар нүүрсний экспорт нэмэгдэж, нийт 8.4 сая тонн нүүрс экспортолсон. Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүний биржээр долоодугаар сард 2 сая 963 мянган тонн нүүрс арилжаалсан бол наймдугаар сарын 19-ний байдлаар 2 сая 470 мянган тонн нүүрс арилжаалагдсан байна. Энэ үзүүлэлтүүд нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр нь гэж хэлж болно. Өнөөдөр гаргасан уул  уурхайн экспортыг нэмэгдүүлэх тогтоолын хүрээнд Гашуунсухайтын боомтоор автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн гарцаар жолоочтой ачааны машиныг нэвтрүүлэх ажлыг хийсэн. Өнөөдөр гарсан шийдвэрээр зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зарагдсан нүүрсийг ийм гарцаар нэвтрүүлэхийг хязгаарласан. Энэ нь биржийн арилжааг дэмжих бодлого юм. Төсвийн хүрээний мэдэгдэлд энэ онд 80 сая тонн нүүрс, ирэх онд 85-90 сая орчим тонн нүүрс экспортолно гэж тооцсон. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Өмнө нь эрчим хүчний нүүрсний үнийг индексжүүлэн зарах боломжгүй байсан. Үүнээс болж, сорчлох асуудлууд гардаг байсан. Иймд, өнөөдрийн шийдвэрээр энэ эрчим хүчний нүүрсний үнийг индексжүүлэн зарах бололцоог энэ журмын хүрээнд бий болгохыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. 

Мөн экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хүнд суртлыг багасгах алхмууд хийгдэж байна. Олон зөвшөөрөл нэхэж, бичиг баримт бүрдүүлж, цохолт хийлгэж, тамга даруулдаг удаан процесс хувийн хэвшилд дарамт болдог байсан. Үүнийг “Гаалийн хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд тавих хяналтын журам”-ыг өөрчлөх замаар шийдвэрлэхээр болж байна. Цахим систем бэлэн болсон. Ингэснээр ГЕГ, Татварын ерөнхий газар, Боомтын захиргаа, ХХЕГ хоорондоо мэдээлэл солилцдог болно. Өнөөдөр ХАҮТ дээр хувийн хэвшлийнхэн журамд санал өгч байна. Журамд нийт 17 мянга гаруй санал ирүүлсэн. Энэ журмыг наймдугаар сарын 31-ний дотор батална. Энэ үүргийг өнөөдөр ГЕГ-ын даргад өгсөн. Ингэснээр цахимаар мэдээлэл солилцож, шат дамжлага бууруулах боломж бүрдэж байна. Мөн уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр олон жил яригдсан цахим худалдааны цонхыг бий болгох ажлыг эхлүүллээ. Өмнө нь байгууллагууд мэдээлэл солилцдоггүйгээс удааширдаг байсан. Харин одоо хөрөнгө оруулалтын цонх, худалдааны цонх, зөвшөөрлийн цонх зэрэг системүүдийг нэгтгэн, нэг худалдааны цонхтой болгохоор ажиллаж байна. Энэ ажлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Журам батлагдсаны дараа бид нар хилийн боомт дээр очиж ажиллана. Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг долоо хоног тутам хуралдаад явж байна.  Тэнд хувийн хэвшилд хүнд суртал буурсан эсэхийг үнэлж дүгнэлт хийхээс гадна, хилээр нэвтэрч буй үйл явцын тусгай зураглал гаргаж, гаалийн байгууллагатай хамтарч ажиллаж байна" гэв.