С.Бямбацогт: Засгийн газрын 35 агентлагийн орон тооны хязгаар 3353 байсныг есөн хувиар бууруулж, орон тооны хязгаарыг 3052 болголоо

С.Бямбацогт: Засгийн газрын 35 агентлагийн орон тооны хязгаар 3353 байсныг есөн хувиар бууруулж, орон тооны хязгаарыг 3052 болголоо

Засгийн газрын өнөөдрийн /2025.08.20/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт агентлагийн орон тоо, бүтцийг цомхон болгох асуудлын талаар "Агентлагуудын орон тоо, бүтцийг цомхон чадварлаг болгох асуудлыг хэлэлцлээ. Энэ хүрээнд Засгийн газрын 35 агентлагийн орон тооны хязгаар 3353 байсныг есөн хувиар бууруулж, орон тооны хязгаарыг 3052 болголоо. Агентлагууд доторх газар хэлтэс, тасаг албадын тоог цөөлж, чиг үүргийн давхардлыг арилгах замаар нийт орон тоог 301-ээр багасгаж байгаа юм. Энэ өөрчлөлтийн хүрээнд агентлагуудын газар, хэлтэс албадын даргын тоо 54-өөр буурна.

Агентлагийн цалин хөлсний зардал дээр 10 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байна. Нийт яам, агенталгуудын газар хэлтсийн дарга нарыг цомхотгосноор нийт 20 тэрбум, зөвлөл, үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаснаар 40 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгож байна. Энэ хэмнэлтийг иргэдийн эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулна. 

Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэг агентлагийн бүтэц зохион байгуулалтыг батлахдаа тодорхой чиг үүрэг баримтлахыг чиглэл болголоо. Нэг дор шууд 9 хувиар цомхотгох бус тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тэтгэвэрт гарч байгаа, ажлаас чөлөө авсан, ажлаа ирэхгүй байгаа орон тоон дээрээ эхлээд цомхотгол явуулах чиглэл барьж ажиллана. Агентлагууд орлогч дарга, дэд даргатай ажиллахыг хориглолоо.  Хуулиар заасан чиг үүрэгтэй газар нь дэд дарга, орлогчийн асуудал яригдана. Харин хуульд заагаагүй бол хориглоно. Агентлагуудын албан хаагчийн чиг үүрэг яам, харьяа газруудтай давхцахгүй байх шаардлагыг тавина. Одоо зөвхөн газар, хэлтэстэй л байна. Алба, нэгжтэй байхгүй боллоо. Уг тогтоолд Засгийн газрын хэрэг эрхлэх газар хяналт тавина. Мөн төрийн албан хаагчдыг үнэлэх  үнэлэмжийг иргэдийн дунд нээлттэй, ил тод болгоно " гэлээ.