МАН, АН-ын даргын суудлын төлөөх ширүүн өрсөлдөөн, УИХ-ын гишүүдийг “тойргийн хөрөнгө оруулалт” нэрээр 15 тэрбум төгрөгөөр худалдан авах нь гэх дуулиан гээд “Монголын намрын улс төр” ширүүхэн өрнөх нь тодорхой байна. Тэгвэл намрын улс төрийн халалтыг өчигдөр /2025.08.18/ АН түрүүлж эхлүүллээ.
-О.АМГАЛАНБААТАРЫН ЗАХИАЛГААР 168 ГИШҮҮНИЙ ГАРЫН ҮСЭГ АМЬ ОРСНЫ ДАРАА Л.ГАНТӨМӨР УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛАА МАРГААШ ЗАРЛАВ-
Тодруулбал, одоогоос сар гаруй өмнө АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-г долоодугаар сарын 05 /2025.07.05/-ны дотор хуралдуулж, Л.Гантөмөрийн асуудлыг хэлэлцэхийг шаардсан ҮБХ-ны гишүүдийн гарын үсгийг цуглуулж байв. Харин энэхүү шуугиан баяр наадмын өмнө “усанд хаясан чулуу” мэт намжсан. Учир нь Л.Гантөмөр АН-ын ҮБХ-ны хурлыг наймдугаар сар /2025.08/-д хуралдуулна гэж мэдэгдсэн гэдэг.
Гэтэл өчигдөр /2025.08.18/ УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Баатархүү, Б.Түвшин нар долоодугаар сард цуглуулсан ҮБХ-ны гишүүдийн гарын үсгээ амь оруулж, “АН-ын ҮБХ-ны хурал хуралдуулах 168 гишүүний шаардлага” хэмээн тодорхойлж, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга О.Амгаланбаатарт гардууллаа. АН-ын дүрмээр ҮБХ-ны хурлыг намын дарга эсвэл ҮБХ-ны гишүүдийн гуравны нэгийн саналаар хуралдуулдаг байгаа юм.
Хачирхалтай нь, АН-ын 168 гишүүний гарын үсэг бүхий шаардлагын захиалагч нь О.Амгаланбаатар өөрөө байжээ.
Учир нь Л.Гантөмөр Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадамд оролцох үеэрээ О.Цогтгэрэлд хандаж, “наймдугаар сарын 22-ны өдөр охины хуримтай тул үүний дараа, ойролцоогоор 25 /2025.08.25/-ны өдөр ҮБХ-ны хурлаа хийж, намын даргын ажлаа О.Цогтгэрэлд өгнө” гэдгээ амлаад байсан. Гэтэл Л.Гантөмөр амлалтаасаа буцаж “намын хурлаа зарлахгүй, тамгаа өгөхгүй” гэсэн тул долоодугаар сард цуглуулсан ҮБХ-ны 168 гишүүний гарын үсгийг “амь оруулж” О.Амгаланбаатар хурлын товоо гаргахаар болсон гэх яриа ч АН-ын гишүүдийн дунд гарчээ.
Мөн өчигдөр /2025.08.18/ Г.Баярсайхан тэргүүтэй АН-ын “Хийморь” фракцын хэсэг хүмүүс Төрийн ордонд мэдээлэл хийж, "Үндэсний бодлогын хороог яаралтай хуралдуулж намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг чөлөөлөхгүй бол улс төрийн хатуу тэмцэлд шилжинэ" гэж мэдэгдсэн.
Тэгвэл Л.Гантөмөр өчигдрийн дараалсан мэдэгдлүүдийн араас Улс төрийн зөвлөлийн хурлаа Төрийн ордонд бус намын байрандаа маргааш /2025.08.19/-нд зарлажээ.
-АН-ЫН ДАРГААР О.ЦОГТГЭРЭЛИЙГ БОЛГООД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ХҮСЛҮҮД-
АН-д өрнөсөн дээрх улс төрийн акцууд гэнэт л өчигдөр болсон явдал ерөөс биш аж. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн тэргүүлдэг “Мондэй” фракц Сэлэнгэ аймагт, Л.Гантөмөрийн тэргүүлдэг “1А” фракц Тэрэлжид, Ц.Тувааны тэргүүлдэг “Нэг монгол” фракцын зарим гишүүд Төв аймагт очиж уулзсан бол АН-ын идэвхтэй зарим гишүүдэд “Нам эзэнгүй боллоо. ҮБХ-ны хурлыг яаралтай хуралдуулъя” гэсэн мэдээллийг тарааж уулзсанаар өчигдөр /2025.08.18/-ийн улс төрийн акц эхэлсэн байна.
Хачирхалтай нь, энэ бүх улс төрийн акцууд Л.Гантөмөрөөс АН-ын тамгыг салгаж аваад О.Цогтгэрэлд өгөх ганцхан зорилготой ажээ. Товчхондоо, ҮБХ-ны дарга О.Амгаланбаатар, “Хийморь” фракцын Г.Баярсайхан нарын хүмүүс О.Цогтгэрэлийг АН-ын дарга болгохоор шулууджээ.
Энэ бүхний ард АН-ын аль фракц 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх вэ гэсэн өрсөлдөөн явагдаж байна. Тодруулбал, АН-ын “Мондэй” фракцаас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Хийморь” фракцаас УИХ-ын гишүүн Д.Ганбат нар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүсэлтэй буйгаа О.Цогтгэрэлд уламжилж, түүнээс эхний байдлаар “дэвшүүлнэ” гэсэн амлалтыг нь авсан байх талтай юм.
Харин өнгөрсөн амралтын өдрийг хүртэл уйгагүй уулзалт хийсэн Ц.Туваан АН-ын даргаас нэрээ татах тухай дуулгаж эхэлжээ. Харин заалнаас УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нэрээ дэвшүүлж тайзан дээр гарч магадгүй юм. Учир нь тэрбээр, “Тойргийн гишүүн бүрдээс 15 тэрбумын хөрөнгө оруулалтын санал авсан талаар Ерөнхий сайдад асуулга тавина. Засгийн газраас зүтгүүлдэг энэ санаачилга бол парламентыг худалдаж авах гэсэн л оролдлого. Авлига” хэмээн мэдэгдэж улс төрөө эхлүүлж байгаа бололтой.