Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэв

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэв

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууддаа хүргэе.

Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг олон улсын байгууллагууд өндрөөр үнэлж байна. Тухайлбал: Энэ онд Узбекистан Улсад зохион байгуулагдсан олон улсын “Төрийн үйлчилгээний форум”-ын үеэр Монгол Улс Цахим засаглалын хөгжлийн индексээр дэлхийд 46-р байр буюу “өндөр” түвшнээс “маш өндөр” түвшинд шилжиж буйг батламжиллаа.

Мөн өнгөрсөн онд Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон Засгийн газруудын дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн гэж үзэж “Global Government Excellence Award”-ыг, 2023 онд Эстони Улсад болж өнгөрсөн “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний 8-р чуулганаас “Нээлттэй засаглал” хүндэт өргөмжлөлийг тус тус авсан билээ. Энэхүү ололт, амжилт нь үе үеийн шуудан холбоо, өргөн нэвтрүүлэг, радио холбоо, цахилгаан холбоо, мэдээллийн технологи, сансрын технологийн чиглэлээр ажиллаж байсан ажилтан, алба хаагчид, инженер техникийн ажилтнууд болон өнөөдөр харилцаа холбоон, мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй 21.2 мянган ажиллагсад, тэдгээрийн гэр бүлийн 74 мянган гишүүдийн хамтын хүчин зүтгэл болохыг цохон тэмдэглэж, гүн талархал илэрхийлье.  

Өнөөдөр 5G сүлжээ, интернэт, дижитал технологи, хиймэл оюун зэрэг дэвшилтэт технологи нь аливаа асуудлыг шийдэх түлхүүр гэж дэлхийн улс орнууд үзэж байна. Монгол Улсын хувьд ч мөн адил харилцаа холбоо, мэдээллийн технологи нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хүний хөгжил, эрх чөлөөг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хөгжлийн хурдасгуур, нийгмийн харилцаа, үйлчилгээний СОЁЛЫН ШИНЭЧЛЭЛ байх болно.

Монгол Улс хөгжлийн түлхүүрээ харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хэмээн үзэж, “Digital First” гэсэн бодлогоо тодорхойлж, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт их өгөгдөл, хиймэл оюуны ашиглах, төрийн бүтээмж, төрийн үйлчилгээний үр ашиг, чанарыг дээшлүүлэхээс гадна үндэсний сансрын технологид баримтлах бодлогыг боловсруулж байна. Шуудангаас соёолсон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил нь уул уурхайгаас хэт хамааралтай манай орны макро эдийн засгийг төрөлжүүлэх боломжийг бий болгож, оюун санааны, мэдлэг шингэсэн дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгахад чухал түлхэц болно.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар