Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна.
Тэрбээр, "2022 онд батлагдсан шинэ эрх зүйн зохицуулалтын хүрээнд хоёр дахь удаагийн орон нутгийн бонд гарч байна. Өмнө нь Улаанбаатар хотын бонд гарч байсан бол энэ удаад хөдөө орон нутгийн хувьд анхны бонд гарч байгаа нь маш чухал ач холбогдолтой. Орон нутгийн хувьд энэ нь чухал төсөл санхүүжүүлэхээс гадна өөрөө бие дааж бонд гаргаж байгаа анхны тохиолдол юм.
Тодруулбал Өмнөговь аймаг бие даан 500 тэрбум төгрөг хүртлэх бонд гаргаж Даланзадгад хотод баригдах 50 мВт дулааны цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээр болж байна. Тус аймагт хоёр үндсэн шаардлагыг Засгийн газраас тавьж ажиллана. Нэгдүгээрт, санхүүжүүлэх төсөл нь өөрөө орон нутагт сөрөг дарамт учруулахгүйгээр үр өгөөжтэй байх ёстой. Хоёрдугаарт, тухайн орон нутаг төсвийн чадамжийн хувьд ЗГ-т өрийн эрсдэл үүсгэхгүйгээр төлөх чадамжтай байх ёстой. Даланзадгад хотод 50 мВт ДЦС баригдсанаар томоохон бүтээн байгуулалт бий болно. Энэ жил Өмнөговь аймаг 1.7 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлж байгаа. Дээрх бондыг 3-5 жилийн хугацаатай гаргана" гэв.