Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч Абдулсалам Бин Мухаммад АльМуршиди-г энэ сарын 4-нд хүлээн авч уулзсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. Уулзалтын үеэр талууд Монгол, Оманы найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйг тэмдэглэж, цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.
Ерөнхийлөгч Абдулсалам АльМуршиди айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагуудтай тус тус хийсэн уулзалт нь үр дүнтэй болж, хамтран ажиллах боломжтой төсөл хөтөлбөрүүдийн талаар тодорхой мэдээллийг авснаа тэмдэглээд ойрын хугацаанд анхны жишиг төслийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Талууд цаашид хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулах зорилгоор хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах асуудлыг судалж, холбогдох байгууллагуудын түвшинд хэлэлцээ өрнүүлэхээр тохиролцлоо.