Бусдын бичиг баримт ашиглан Нийслэлд ирсэн иргэнийг “Бага баян” төвд тусгаарлажээ

Бусдын бичиг баримт ашиглан Нийслэлд ирсэн иргэнийг “Бага баян” төвд тусгаарлажээ

Казахстан Улсаас Баян-Өлгий аймагт ирээд “гэрийн тусгаарлалт”-д байсан бүсгүй бусдын бичиг баримтыг ашиглан онлайнаар билет захиалж, хот хоорондын автобусанд сууж, Улаанбаатар хотод орж ирэх замдаа баригдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Түүнийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын албан хаагчид Эмээлтийн 22-ын товчоон дээр саатуулан авч явсан байна. Тэрээр 10 гаруй хоногийн өмнө Казахстан Улсаас орж ирсэн бөгөөд уржигдар /2020.03.26 өдөр/ Баян-Өлгий аймгаас 30 гаруй зорчигчтой хот хоорондын автобусанд сууж Нийслэл рүү хөдөлж өчигдөр /2020.03.27 өдөр/ ирсэн байна. 

Одоогоор тус иргэний биеийн байдлыг үзэж “Бага баян” дахь тусгаарлах төвд авчраад байгаа ажээ. Мөн түүнтэй хамт явсан бусад иргэдийг хяналтад аваад тандаж байгаа юм байна.

Түүнийг автобусанд суугаад ирж явахад нь тусгаарлалтад байх 14 хоног нь гүйцэж байсан гэх бөгөөд түүнийг цаашлаад ажиглана, албаны хүмүүсийн зардал болон бусад торгуулийг төлүүлнэ гэдгийг Улсын онцгой комиссын дарга бөгөөд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллээ.

Тус иргэнийг нийтийн тээврээр бус хувийн унаагаар зорчихыг тус аймгийн онцгой байдлын албан хаагчид зөвлөж байсан байна. Тэрээр Баянзүрх дүүрэгт оршин суугчаар бүртгүүлсэн бөгөөд аав, ээж нь Хэнтийд амьдардаг гэх бүсгүй байсан гэх мэдээлэл ч байна.