Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад 2025.07.23-наас 26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Айчлалын үеэр хоёр улс Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсаас мах, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн Тажикистан Улсад нийлүүлж, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, лаазалсан бүтээгдэхүүн худалдан авах талаар хэлэлцжээ. Мөн айлчлалын бүрэлдэхүүн багтсан Засгийн газрын гишүүд болон холбогдох албаныхан талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.
Тухайлбал, “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Хакимзода Курбон нар гарын үсэг зурав.
Санамж бичигт тусгаснаар хөдөө аж ахуйн салбарын туршлага, нөөц, бололцоог харгалзан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлж, тодорхой чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Ургамал үржүүлэх, мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг механикжуулах, үрийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ургамлын өвчин, хортон шавжаас хамгаалах, газрын нөхөн сэргээлт, хөрс усалгааны системийн хамтарсан судалгаа хийх, ургамлын эрүүл ахуйн болон мал эмнэлгийн хяналтыг сайжруулах зэрэг салбарт харилцан туршлага солилцож, хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судлах, боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн солилцох орчин бүрдэж байна.