“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх сард багтаан танилцуулахыг үүрэг болгов

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх сард багтаан танилцуулахыг үүрэг болгов

Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Н.Баасандамба танилцууллаа.  

Тэрбээр “Хар тамхи, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авлаа. Улмаар холбогдох хэд хэдэн сайдад үүрэг даалгавар өглөө. УИХ-ын 2002 онд баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, ирэх наймдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг ХЗДХ-ийн сайд болон ЗГХЭГ-ын даргад үүрэг болголоо. Ингэснээр хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж, гэмт этгээдэд оногдуулах шийтгэлийн бодлого чангарна гэж үзэж байгаа юм. Мөн Монгол улсын хилээр хууль бус бодисыг нэвтрүүлэх асуудлыг хязгаарлах, таслан зогсоох зорилгоор Турк, БНСУ, ОХУ, АНУ, Тайланд, Вьетнам зэрэг улс болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахыг Гадаад харилцааны сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт үүрэг болголоо. ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрыг бие даасан хараат бус байгууллага болгох саналыг судалж, ирэх наймдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг ХЗДХ-ийн сайд болон ЗГХЭГ-ын даргад үүрэг болгосон” гэв.