Н.Учрал: Хөгжлийн 149 төслөөс зураг төсөв, ТЭЗҮ байхгүй, санхүүжилт тодорхойгүй төслүүдийг төсвөөс хасна

Н.Учрал: Хөгжлийн 149 төслөөс зураг төсөв, ТЭЗҮ байхгүй, санхүүжилт тодорхойгүй төслүүдийг төсвөөс хасна

Засгийн газрын өнөөдрийн /2025.07.23/ хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцуулж байна. 

ВИДЕО: 

Тэрбээр, "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөгжлийн томоохон төслүүд болон 2024–2028 оны хугацаанд хэрэгжүүлэхээр тусгасан 149 төслийг салбарын яамд бүртгээд байна. Эдгээр төслүүдийг санхүүжилтийн эх үүсвэр, бэлэн байдлын түвшин, ач холбогдлоор нь эрэмбэлэх ажлыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас зохион байгуулж, холбогдох үнэлгээг хийж байна. Бид нийт 14 мега төслийг хэрэгжүүлэх зорилтыг тавьсан бөгөөд эдгээр нь өмнөх Засгийн газраас эхлүүлсэн хамтарсан ажлуудын үргэлжлэл юм. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед төслүүдийг ач холбогдол, үр нөлөөгөөр нь эрэмбэлэх шаардлага зайлшгүй тулгарч байна.

Шалгуураар үнэлсний үндсэн дээр 14 мега төслийн 4 нь хэрэгжиж эхэлсэн. Үүнд:

  • Төмөр замын хил холболт
  • Газрын тос боловсруулах үйлдвэр
  • Монгол-Францын хамтарсан “Rona Mining” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ
  • Эрдэнэбүрэнгийн УЦС

Цаашид эхлэх 5 чухал төсөлд:

  • Тавантолгойн цахилгаан станц
  • Зэс боловсруулах үйлдвэр
  • Гангийн цогцолбор
  • Алт цэвэршүүлэх үйлдвэр

Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор зэрэг төсөл багтаж байгаа. Эдгээр нь улсын төсвөөс хөрөнгө шаардахгүй, төр-хувийн хэвшлийн түншлэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хэлбэрээр хэрэгжих боломжтой. Мөн сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд болох Хэрлэн Тоонт, Орхон Онги, Эгийн голын УЦС, үндэсний хиймэл дагуул, төмөр замын төслүүдийг бэлтгэл хангах шатанд ажиллаж байна. Ингээд нийт 149 төслийг 14 шалгуураар үнэлэн эрэмбэлж, ирэх намрын чуулганаар Хөгжлийн 5 жилийн үндсэн чиглэлд багтаах эсэхийг шийднэ. Үүнд зураг төсөв, ТЭЗҮ байхгүй, санхүүжилт тодорхойгүй төслүүдийг төсвөөс хасах буюу хойшлуулах бодлого баримтална. Ирэх оны төсөвт эдгээр шалгуурыг хангаагүй төслийг огт суулгахгүй байх зарчимтай ажиллана. Бид энэ жил орлогын 3.1 их наяд төгрөгийн тасалдалтай төсөв баталсан. Эдийн засаг агшиж буй нөхцөлд төсвийг тэлэх, экспортын боломжтой салбаруудыг дэмжих шаардлагатай. Үүний тулд төрөөс орон зайгаа хумьж, хувийн хэвшилд боломж нээх ёстой. Энэ хүрээнд 2.1 их наяд төгрөгийн хэмнэлтийг хийж, зарим агентлаг, хороо, зөвлөлийг татан буулгаж, цомхотгол хийсэн. Экспортыг дэмжих зорилгоор Тэргүүн шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, 21 чиг үүрэг бүхий үүрэг даалгавар өгөөд байна. Төрийн үйлчилгээний шат дамжлага, хүнд суртлыг бууруулах зорилгоор 60 орчим журмыг цуцалсан" гэлээ.