Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Н.Баасандамба танилцууллаа.
Тэрбээр “Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсонынхоо дараа нэг бодлогыг маш тодорхой зарласан. Тэр бол иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хангамж, хүртээмжийг сайжруулах зорилгоор орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулна гэдгээ УИХ-ын индэр дээрээс зарласан. Энэ бодлогын хүрээнд Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсэг нь орон сууцжуулалтын тусгай банк байгуулах саналыг боловсруулж, ирэх сарын 13-ны дотор Засгийн газрын хуралд танилцуулах үүргийг өгсөн. Ажлын хэсэг Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт зэрэг 17 гишүүнтэй байх юм. Ингэснээр орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах Ерөнхий сайдын бодлого ажил хэрэг болох эхлэл тавигдаж байна гэсэн үг” гэв.