Г.Занданшатар Аргентины Х.Милей шиг хөрөнгө оруулалтыг татахын төлөө биш, “Ард түмний өмч” гэж яриад дампуурсан Венесуэлийн Уго Чавес шиг ажиллаад эхэллээ

Г.Занданшатар Аргентины Х.Милей шиг хөрөнгө оруулалтыг татахын төлөө биш, “Ард түмний өмч” гэж яриад дампуурсан Венесуэлийн Уго Чавес шиг ажиллаад эхэллээ

Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил Засгийн газрыг удирдаад сар гаруйн өмнө огцорсон. Олон залуус жагсаж, өмнөх Ерөнхий сайдыг суудлаас нь буулгасан тул шинэ ерөнхий сайдаас улс орны эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалтыг татах, татварын орчныг сайжруулах, төрийн данхар бүтцийг цомхотгох гэх мэт олон хүлээлт тавиад байгаа. Гэвч шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар улиг болсон "популизм" мэт зүйлийг ярьж эхлээд байна.

-ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛЖ БУЙ “АРД ТҮМНИЙ ӨМЧ, АРД ТҮМНИЙ МЭДЛИЙНХ” ГЭДЭГ ПОПРОЛ ВЕНЕСУЭЛИЙН ЖИШЭЭГ ДАВТАЖ МАГАДГҮЙ-

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэгэм тогтоосонтой холбогдуулж Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь тус компанийн нүүрсний уурхайд өнгөрөгч амралтын өдөр /2025.07.19/ ажилласан. Энэ үеэрээ тэрбээр “Тавантолгой бол монголын нийт ард иргэд 1072 хувьцааг нь эзэмшдэг компани. Ийм учраас төр, ард иргэдийн төлөөллийг хангах зорилгоор бүрэн эрхт төлөлөөгчийн зөвлөлийг долоо хоногийн хугацаатай томилж, онцгой дэглэм тогтоосон. Тавантолгой ард иргэдийн оролцоотой, ард түмний мэдлийн уурхай байх ёстой болохоос биш авлигын уурхай байж болохгүй” гэх ямар ч өөрчлөлт шинэчлэлтгүй, өнөө л улиг болсон үгээ хэлсэн юм.

Энэ нь нэг талаас Венесуэлийн жишээг давтах гэж байна уу хэмээн харагдаж байна. Учир нь Венесуэлийг 15 жил удирдсан Уго Чавес яг ийм зүйлсийг ярьдаг байв.

Тодруулбал, Венесуэл улс дэлхийн хамгийн том түүхий нефтийн нөөцтэй орон. Уго Чавес 1998-2013 он хүртэл 15 жилийн турш  тус улсын Ерөнхийлөгч байлаа. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн хэт зүүний бодлогыг улс төр, нийгмийн бүх салбарт баримталж эхэлсэн бөгөөд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нэрийдлээр байгалийн баялаг, эрчим хүчний салбарт ажиллаж байсан бүх гадаадын компаниуд, хөрөнгө оруулагчдаа хөөн гаргаж, эдийн засгаа дан ганц газрын тосны салбартаа барьж, “ард түмний өмч” гэх үгийг байнга хэлдэг байсан гэдэг. 

Түүний баримталсан бодлогын үр дүнд Венесуэл улсад хувийн хэвшил бүрэн нурж, гадаадын хөрөнгө оруулалт зогсож, инфляц нь 90 мянган хувьд хүрч, үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдэн цаас болон хувирч, эдийн засгийн хямрал туйлдаа хүрсэн. Мөн нийгмийн халамжид хэт их мөнгө зарлагадсанаас улсын өр нь төлж баршгүй их болсон байна. Учир нь Уго Чавес халамжийн олон хөтөлбөр хэрэгжүүлж, баян, ядуугийн ялгааг арилгах нэрийдлээр халамжийн бодлогыг хавтгайруулснаар тус улсын эдийн засаг сүйрэх гол үндэс болсон гэдэг. Гэтэл Уго Чавесын “ард түмний өмч” гэдэг жишээг магадгүй Ерөнхий сайд Г.Занданшатар давтаж байгаа юм. 

ВИДЕО:

-Г.ЗАНДАНШАТАРААС АРГЕНТИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАВЬЕР МИЛЕЙН БОДЛОГЫГ ЖИШИГ БОЛГОХЫГ ХҮЛЭЭЖ БАЙСАН Ч УГО ЧАВЕСЫН ЖИШЭЭГ ДАВТАЖ ЭХЛЭВ-

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан “УИХ-ын хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Үүнээс улбаалж, олон нийтийн сүлжээнд “Ноён уулыг ухахаар болжээ” гэсэн утга, агуулгатай худал ташаа мэдээлэл хөвөрч буйд харамсаж байна.

Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн олборлолт явуулах ямар ч бодлого баримтлахгүй. Харин тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх, хамгаалалтыг нь чангатгах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллах болно. Дахин хэлье, Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт гар хүргэхгүй, Ноён уулаа ухахгүй” гэж мэдэгдсэн.

Энэ бүхэн нь магадгүй "Засгийн газар нь солигдлоо" гээд наашилж байсан гаднын хөрөнгө оруулагчдыг дахин үргээж байж ч магадгүй юм. 

Энд Аргентины Ерөнхийлөгчийн жишээг эш татаж болох юм. 2023 онд Аргентины Ерөнхийлөгчөөр Хавьер Милей сонгогдож, маш хатуу либертари бодлого баримтлаж эхэлсэн. Тодруулбал, тэрбээр инфляцыг бууруулж, улсынхаа санхүүг эрүүлжүүлэх арга хэмжээнүүдийг өнгөрсөн хугацаанд авсан юм. Ингэхдээ төсвийн зардлыг танаж, валютын урсгалын хяналтыг сулруулах замаар гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, төрийн албыг цомхотгосон. Ийнхүү тэнгэрт тулаад байсан Аргентины инфляц буурч, сүүлийн нэг жил орчмын хугацаанд эдийн засаг нь хурдацтай өсөж эхэлсэн. Үүнийг олон улсын улс төр, эдийн засгийн шинжээчид Хавьер Милейн хатуу либертари бодлогын үр дүн хэмээн үзэж байгаа юм.

Хавьер Милей бүх баялаг ард түмнийх гэж Уго Чавес, Г.Занданшатар хоёр шиг попроогүй, бас гаднын хөрөнгө оруулалтыг татахын тулд чадах бүхнээ хийсэн гэж үздэг. Манай улс ч Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейн жишээгээр эдийн засгаа сайжруулаасай гэж олон иргэд хүлээж байгаа. 

Манайх шиг уул уурхайн экспортдоо төсвийн гол ачааллаа зангиддаг улсад гаднын хөрөнгө оруулалт ус, агаар мэт хэрэгтэй. Гэтэл яг энэ үед “байгалийн баялаг ард түмнийх, ард түмэн мэдэх ёстой” гэх зүйлийг яриад байж байгаа нь өнөөдөр гаднын хөрөнгө оруулалт саарах гол үндэс болоод байгааг ч үгүйсгэж болохгүй.

-ЕРӨНХИЙ САЙД ДЭРГЭДЭЭ ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛИЙГ ХЯНАХ ГЭЖ БАЙГАА НЬ АЙДСААР УДИРДАХ ГЭЖ БУЙ ЖИШЭЭ БАЙЖ БОЛОХООР ХАРАГДАЖ БАЙНА-

Ерөнхий сайд Г.Занданшатар долдугаар сарын эхэнд болсон эдийн засгийн форумын үеэр “Хөрөнгө оруулагчаа урьчхаад урдаггүй, залчихаад заамддаггүй байх ёстой” гэсэн зүйлийг ярьсан. Тодруулбал, тэрбээр форумыг нээж хэлсэн үгэндээ “Бид хөрөнгө оруулагчаа урьчихаад урдаггүй, залчихаад заамддаггүй улс орон байх ёстой. Хөрөнгө оруулагчдад ээлтэй улс гэж бид өөрсдийгөө биш, хөрөнгө оруулагчид хэлдэг болсон тэр цагт бизнесийн эрүүл орчин биежин бүрдэнэ. Байгалийн баялгаараа дэлхийд эхний 10-т багтдаг улсын хувьд харилцан үр ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжинэ. ЭЗХЯ хөгжлийн бодлого боловсруулж, хөрөнгө оруулалт, бизнесийн эрүүл орчин бүрдүүлэхэд манлайлж ажиллана” гэсэн юм.

Түүнийг энэ үг шигээ ажиллах болов уу гэж олон хүн хүлээсэн ч Уго Чавесын жишээг давтаж, улс орны эдийн засгийг аврах бус улам унагах гээд байна уу гэж харагдаж байна.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар зарим зүйлийг айдсаар удирдах гээд байна гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Учир нь тэрбээр Вакцины талаар зориудаар худал мэдээлэл тараасан хүмүүсийг олж тогтоон, хариуцлага тооцохыг Тагнуул болон цагдаагийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгоод байгаа. Мөн өчигдөр /2025.07.22/ сүүлийн үед гарч байгаа гэмт хэрэг зөрчилтэй холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг Үндэсний зөвлөл байгуулагдаж байгаа талаар мэдээлсэн.

ВИДЕО:

Ийнхүү Ерөнхий сайд аливаа субьектыг шалгаж, хариуцлага тооцохыг шаардах, цаашлаад гэмт хэргийг шалгадаг тусгайлсан зөвлөлтэй болох гэж буй нь нийгмийг айдсаар удирдах гэсэн нэг арга байж магадгүй байна. Энэ арга юунд хүргэдгийг өмнөх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн жишээн дээрээс тод томруун харсан билээ. Ийнхүү олон сорилттой тулгарч, олон иргэдийн итгэлийг хөсөрдүүлэхгүй байх үүрэг хүлээсэн шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар маань эхнээсээ Уго Чавесын жишээг давтаж, иргэдийн итгэлийг хөсөрдүүлж байгаа мэт харагдаж байна.