Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр, "Нийгмийн шударга ёс бол уриа лоозон биш. Бодит ажил болгохын тулд хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө гурван талт механизмыг бүх талын оролцоотойгоор хэрэгжүүлж ажиллах нь чухал. Гурван талт хэлэлцээрийг тодотгон сануулахын учир нь ажил олгогч, ажиллагчдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр хуримтлагдсан мөнгө хулгайд алдагдсан явдал. Хариуцлагагүй, хяналтгүй ажилласан энэ мэт жишээ олон учраас цаашид түншлэл төдий байгаа гурван талт хэлэлцээрийг шинэчлэн хэрэгжүүлнэ" гэлээ.
Гурван талт хэлэлцээрийг хяналттай, хариуцлагатай хэрэгжүүлэх иргэд, Үйлдвэрчний эвлэлийн оролцоо бүхий авлигатай тэмцэх зөвлөл байх шаардлагатай гэж Ерөнхий сайд хэллээ. Гар хүндрүүлэхгүй бол ажил явдаггүй, даргын үзэмжээр хэн нэгнийг шагнадаг, улстөржсөн, хуучинсаг байдлыг төрийн албанаас халах цаг нь болсон. Үүний тулд эхлээд шударга хөдөлмөрлөж, хичээн зүтгэж байгаа ажилтны ажлын үр дүнг үнэлгээний баг үнэлж, гүйцэтгэлээр нь урамшуулж, цалинжуулдаг байх, төрийн албаны аттестатчиллыг МҮЭХ, Төрийн албаны зөвлөлтэй хамтарч хэрэгжүүлэх санал тавилаа.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийг үнэлж, биелэлтийг дүгнэн энэ сарын 30-наас өмнө танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.