Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсын Парламент Жогорку Кенешийн дарга Н.Тургунбек-ийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болсныг онцоллоо. Тэрбээр нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй уламжлалт найрсаг харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсоныг тэмдэглэв. Хоёр улсын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг хэлж, Парламентын дарга нарын 2024 онд хийсэн харилцан айлчлал харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг онцоллоо. Мөн Жогорку Кенешийн дарга Н.Тургунбек, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Киргизийн төр, засаг, хууль тогтоох дээд байгууллага өндөр ач холбогдол өгч буйг онцолж, Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.