Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулахаар зарлажээ.
Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:
“Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах талаар хэлэлцэнэ. Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжлэх аж.
Сонсголд оролцох болон сонсголтой холбогдуулан санал, тайлбар, мэдээлэл гаргах иргэн, хуулийн этгээд нь хүсэлт, санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор бичгээр ирүүлэх боломжтой. Иргэн хүсэлтдээ өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг цахим шуудангаар ирүүлж болно.