Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжил, дэвшилтэт технологийн сайд Жамангулов Азамат Саадатбекович нар “Дижитал шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр нийтийн мэдээллийн дэд бүтэц болон түүнд хамаарах тогтолцоог хөгжүүлэх чиглэлд харилцан туршлага солилцож, Төрийн цахим үйлчилгээний үндсэн болон дэмжих системүүдийг экспортлох боломж нээгдэх юм. Мөн хоёр улс цахим хөгжил, дижитал эдийн засаг, төрийн цахим үйлчилгээ, хиймэл оюуны чиглэлээр мэдээллийн технологийн компаниудын хамтын ажиллагааг дэмжих, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах зэрэг цаашдын хамтын ажиллагааны суурийг бүрдүүлсэн гэж талууд үзэж байна.