Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны долоодугаар сарын 20-23- ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.
Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз Улстай 1992 оны 4 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч 2023 онд манай улсад төрийн айлчлал хийж байсан.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хамтарсан тунхаглал” гаргасан.