“Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулж Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь тус компанийн нүүрсний уурхайд ажиллаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой" ХК-ний нөхцөл байдлыг тодруулж, дараах үүрэг даалгаврыг БЭТ-ийн багт өгөв.
- ТНАЛТ (Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв)-ийн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах
- ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зардлыг бууруулах замаар үр ашгийг нэмэгдүүлэх
- Бүх гэрээний гүйцэтгэл болон талуудын үүрэг, хариуцлагыг нарийвчлан шалгаж, хууль бус үйлдэл илэрвэл хуулийн байгууллагад шилжүүлэх
- Шат шатанд ажил гацаадаг, авлига нэхдэг, ашиг сонирхолын зөрчилтэй этгээдээр ажил гүйцэтгүүлдэг, тендер будилуулдаг зэрэг асуудал байгаа бол нэн даруй таслан зогсоох
Мөн тэрбээр “Тавантолгой бол стратегийн орд газар. Монголын нийт ард иргэд 1072 хувьцаа эзэмшдэг. Иймд ард түмний хувьцаат компани болгох. Иргэд үр өгөөжийг шууд хүртдэг байх. Энэ бодлого зарчмын суурийг гурван сарын дотор тавих ёстой.
Ийм учраас төр, ард иргэдийн төлөөллийг хангах зорилгоор Бүрэн эрхт төлөөлөгчийн долоон хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл томилж, Онцгой дэглэм тогтоосон. Газар дээрээ үр ашиггүй олон асуудлууд байна. Тавантолгой ард иргэдийн оролцоотой, ард түмний мэдлийн уурхай байх ёстой болохоос биш авлигын уурхай байж болохгүй. Цавчаа, шахааны уурхай байж болохгүй. Ийм шаардлага тавьж сахилга, дэг журмыг чангатгах, зардлыг 50 хувиар бууруулах үүрэг даалгавар өглөө.