Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх болж, наадамчин олноо магнай хагартал баярлууллаа

Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх болж, наадамчин олноо магнай хагартал баярлууллаа

Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Энхтүвшингийн Батмагнай Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн 9 давж түрүүлсэн билээ. Тэгвэл түүнд Баянхонгор аймгийн уугуул Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар баяр хүргэж, баярласан сэтгэгдлээ хуваалцлаа. 

Тэрбээр, "Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын начин, нутгийн дүү Э.Батмагнай 9 даван түрүүлж, Монгол улсын арслан цол хүртэж наадамчин олноо магнай хагартал баярлууллаа. Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат Монгол Улсын аварга малчин П.Сэмнээ агсны зээ хүү, Монгол Улсын идэр шаламгай начин П.Нямжанцангийн зээ дүү Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул Энхтүвшингийн Батмагнай хонгор нутгаас 76 жилийн дараа Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөр тодорсон түүхэн өдөр тохиолоо. Нийт монголчууд, наадамчин олон, хонгор нутгийнхныгаа өндөлзүүлэн, 512 бөхийн манлай болж, түрүүлсэн шинэхэн Улсын арсландаа халуун баяр хүргэе. Үндэсний их баяр наадмын хүчит бөх, сур, шагай, хурдан морины уралдаанд амжилт гаргасан бүх хүнд чин сэтгэлээс халуун баяр хүргэе" гэлээ.