Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 9-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Ерөнхий сайд бизнест ээлтэй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэнийг ч алагчилж үзэхгүй дэмждэг, авлига, хүнд суртлаас ангид, чадахуйн зарчимд суурилсан, ард түмэндээ үйлчилдэг цомхон, чадварлаг нийтийн албыг бэхжүүлэх зорилгоор Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Засгийн газрын гишүүд, бүх шатны байгууллага, албан тушаалтан, аймаг, орон нутгийн удирдлагуудад хууль тогтоомжийг хэрэгжүүлж, ажлын арга барилдаа эрс өөрчлөлт гаргах хугацаатай үүргийг өгөөд байгаа юм. Энэхүү Албан даалгаврын хэрэгжилт, биелэлтэд хатуу хяналт тавьж, хууль зөрчсөн, хүнд суртал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, иргэдэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллах болно гэдгээ Засгийн газрын хуралдааны үеэр илэрхийллээ.
Иргэдээ сонсож, зовлон, жаргалыг нь ойлгон, төрийн үйлчилгээг хуулийн дагуу шуурхай, алагчилгүй үзүүлдэг зарчим, журам төрийн албанд тогтож, хэвших учиртай. Ажлын байр шинээр бий болгоход шаардлагатай гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжиж, хүнд суртал, шат дамжлагыг халах, хөрөнгө оруулагчдад, ажил, хөдөлмөр эрхэлж буй иргэдэд саад дарамт учруулж байгаа этгээдүүдэд хууль, журмын дагуу хариуцлага тооцож байх Шуурхай багийг Засгийн газрын түвшинд байгуулж ажиллуулна гэлээ.
Цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийг төлөвшүүлэх төрийн албаны шинэтгэлийг эхлүүлж, нийт төрийн албан хаагчдын дунд мэргэжлийн үнэлгээ буюу аттестатчилал зохион байгуулна. Чаддаг нь ажиллаж, чаддаггүй нь төрийн албыг орхих ёстой. Төрийн албаны хэмжээнд дөнгөж 53.8 хувьд нь ажиллаж байгаа Ёс зүйн дэд хороодыг бүх шатанд гүйцээн байгуулж, ажлын чанар, үр нөлөөг ч нэмэгдүүлнэ.
Төрийн чиг үүргийг оновчтой тогтоох, давхардал, хийдлийг арилгаж, хариуцлагыг тодорхой болгох, төсвийн хэмнэлтийг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойш зөвхөн хороо, комисс, зөвлөл, сан, төслийн нэгжүүдийг татан буулгахаар шийдвэрлэсний үр дүнд 69.9 тэрбум, нийт төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд хоёр их наяд 44 тэрбум төгрөгийг хэмнэх бодитой шийдвэр гарган ажиллаж байна. Мөн төсвийн сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас хийсэн аудитаар “сөрөг”, “дүгнэлт гаргахаас татгалзсан”, “хязгаарлалттай” дүгнэлт авсан албан тушаалтнуудад хуулийн дагуу зохих хариуцлага тооцож ажиллана.
Төрийн албаны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, шийдвэр гаргалтад хиймэл оюун ухаан, их өгөгдлийг ашиглаж, инновац, шинэ технологийг нэвтрүүлнэ. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор "Digital first" бодлого хэрэгжүүлнэ.
Хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим чанд баримталж, төрийн зарим үйлчилгээний чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгах үүргийн биелэлтэд харьяа байгууллага, хуулийн этгээдийн хэмжээнд тогтмол хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага тооцож ажиллана. Салбар бүрийн зөвшөөрөл олгох, бүртгэх, сунгах, шат дамжлагын тоог 50 хувиар бууруулж, тайлан мэдээ хүлээн авах, төлбөр хураамж төвлөрүүлэх, зөвшөөрөл эзэмшигчид тавих явцын хяналтыг сайжруулах, төрөөс зөвшөөрөл авах хүсэлтэд 14-21 хоногийн дотор хариу өгдөг, уг хугацаа өнгөрвөл зөвшөөрөл олгосонд тооцох зарчмыг бодитоор хэрэгжүүлнэ. Хяналт шалгалтын давхардлыг арилгах, салбарын хяналт шалгалтын системийг ашиглалтад оруулах, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах асуудлыг 100 хоногт багтаан шийдвэрлэнэ гэдгээ Ерөнхий сайд албан даалгавартаа тусгажээ.