Б.Бат-Эрдэнэ: П.Наранбаярыг Засгийн газраас гаргавал ХҮН нам хамтарсан Засгийн газраас гарна гэж шантааж хийж байна

Б.Бат-Эрдэнэ: П.Наранбаярыг Засгийн газраас гаргавал ХҮН нам хамтарсан Засгийн газраас гарна гэж шантааж хийж байна

Боловсролын сайд П.Наранбаяр нь  тендер зарлалгүй “Шинэ Монгол” сургуулийн сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын 120 сургуульд хэрэгжүүлэх нэрээр  төсвийн 1.2 тэрбум төгрөгийг Шинэ Монгол нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад олгосон нь авлига, ашиг сонирхлын зөрчил юм гэж үзэн нэр бүхий гишүүд огцруулах шаардлагыг тавиад буй. Уг асуудалд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Хамтарсан Засгийн газар гэдэг бол хамтарсан хулгай хийх үйлдэл биш. Хамтрал гэдэг бол хулгай биш гэдгийг ХҮН намынханд хэлмээр байна. Хамтарсан Засгийн газартай холбоотой асуудлаар МАН  58, 68 гэсэн тоон дээр орсон. Би үүнийг бага хурлын үеэр мэдэгдэж байсан. 58 гэдэг бол хүчтэй сөрөг хүчин. Гэхдээ нөгөө талд сөрөг хүчээ сарниулах гэж байгаа гээд хамтарч хулгай хийж болохгүй. Энэ бол зарчим. 2015 онд байгуулагдсан “Мабүчи” олон улсын тэтгэлгийн сан байгууллагад энэ оны зургаадугаар сарын 9-ний өдрийг хүртэл Ж.Галбадрах, П.Наранбаяр гэх хоёр хүн хоёулаа байсан. 2025.06.05-ний өдөр их сургууль байгуулах процесс явуулсан. Ж.Галбадрах гэдэг хүний байгуулсан “Шинэ Монгол” гэдэг сургуульд П.Наранбаяр 2012-2020 он хүртэл ажиллаж байсан нь үнэн. Хэн бүхэн мэднэ. Авлигын эсрэг хуулиар шууд хамаарал болон хамаарлын асуудлыг хөнддөг. Би П.Наранбаяр, Ж.Галбадрах гэдэг хоёр хүнийг шууд хамааралтай гэж хэлээгүй. Харин хамааралтай гэж хэлнэ. Авлигатай тэмцэх газраас ч тодруулж болно. Тус хоёр хүн АТГ-т шалгагдаж байгаа юм билээ. Боловсролын яаманд тодорхой хэмжээний хууль хяналтын байгууллагын хяналт, шалгалт хийгдэж байгаа гэж ойлгосон. Тийм учраас УИХ-ын гишүүд АТГ-т давхардуулж хандаад яах вэ гэсэн бодлоор хандаагүй. Монголын төр хулгайчийг хамгаалж болохгүй. Бид авлига, ашиг сонирхол, албан тушаалаас ангид байя гэж байгаа бол улс төр, хамтрал нэрээр хулгайгаа хаацайлж болохгүй. Бид авлига, ашиг сонирхол, албан тушаалаас ангид байя гэж байгаа бол улс төр, хамтрал нэрээр хулгайгаа хаацайлж болохгүй. ХҮН намыг Засгийн газраас гаргах тухай огт яриагүй. Харин хулгайчаа хамтарсан Засгийн газраас гарга, өөр хүн томилох бүрэн эрх өөрсдөд нь бий. Хэрэв, П.Наранбаярыг Засгийн газраас гаргахгүй, П.Наранбаярыг гаргавал хамтарсан Засгийн газраас гарна гэж байгаа бол шантааж хийж байна гэсэн үг” гэв.