УИХ-ын гишүүн Батбаярын Жаргалан нарын 40 гишүүний өргөн барьсан Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.07.03/ нэгдсэн хуралдаанаар батлагдлаа.
Энэхүү хуулиар Улсын наадмаас эхлээд сумын наадам Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэхээр болж байна. Хуулийн ач холбогдол нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүхтэй салшгүй холбоотой дээрх ойн баяруудыг ийнхүү баяр наадамтай хамтатган тэмдэглэж, алдаршуулах нь нийгмийн ухамсарт нэгдмэл үзэл санааг бэхжүүлэх; Ардчилсан хувьсгалын ойн баярыг үндэсний их баяр наадамтай хамтатган тэмдэглэж, зарлан тунхаглах нь Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал монголчууд бидний хувьд ямар үнэ цэнтэй, эрхэм үйл хэрэг байсныг сануулах, цаашид ардчиллын ололт амжилтаас ухрахгүй байх дархлааг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой.