"Ц.Туваан АН-ын дарга болоод Л.Гантөмөрийг Ерөнхийлөгчид дэвшүүлэх" гэсэн тоглоомыг зогсоохоор ҮБХ-ны хурлыг яаралтай хуралдуулах гарын үсгийг цуглуулжээ

"Ц.Туваан АН-ын дарга болоод Л.Гантөмөрийг Ерөнхийлөгчид дэвшүүлэх" гэсэн тоглоомыг зогсоохоор ҮБХ-ны хурлыг яаралтай хуралдуулах гарын үсгийг цуглуулжээ

МАН-ын бага хурлаас "АН-ыг Засгийн газраас хасах" шийдвэрийг гаргасан. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан хамтарсан Засгийн газар огцрох нөхцөл бүрдсэн гэж болно. Үүний дараа болсон АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлын үеэр Л.Гантөмөр "АН-ын даргын албан тушаалаа өгнө" гэдгээ мэдэгдсэн ч, өнөөдрийг хүртэл тэрбээр "өргөдлөө" өгөөгүй байгаа юм. 

Тэгвэл АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-г энэ сарын 05 /2025.07.05/-ны дотор хуралдуулж, Л.Гантөмөрийн асуудлыг хэлэлцэхийг шаардсан ҮБХ-ны гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байгаа аж. Учир нь АН-ын ҮБХ-ны хурлыг намын дарга эсвэл ҮБХ-ны гишүүдийн гуравны нэгийн саналаар хуралдуулдаг байна. 

Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, "АН-ын ҮБХ-ны хурлыг энэ сарын 05-ны дотор хуралдуулахыг шаардсан гишүүдийг гарын үсэг гуравны нэгийг нь хүрсэн байна." Гэтэл Л.Гантөмөр АН-ын ҮБХ-ны хурлыг ирэх наймдугаар сар /2025.08/-д хуралдуулна гэх мэдээллийг өчигдөр зарим хэвлэлээр цацсан байна. 

Учир нь Л.Гантөмөр АН-ын даргын албан тушаалаа Ц.Туваанд өгөхөөр төлөвлөсөн бөгөөд Ц.Тувааны ард Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга байгаа ажээ. Улмаар Ц.Тувааныг АН-ын дарга болгоод Л.Гантөмөр өөрөө 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр ярьж байгаа гэх мэдээлэл байна.  Харин нөгөө талд АН-ын даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Баярмаа нар өрсөлдөх аж. Мөн АН-ын ҮБХ-ны зарим гишүүд Ардчилсан намыг хамтарсан Засгийн газарт оруулсан гишүүд хариуцлагаа хүлээж, тус намын дараагийн удирдлагад өрсөлдөх ёсгүй хэмээн үзэж байгаа ажээ.