“Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийн талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, "Олон хуулийн төсөл болон төсвийн тодотголыг хэлэлцэж байгаатай холбоотойгоор олон нийтийн зайлшгүй анхаарах ёстой хуулийн нэмэлт өөрчлөлт явж байна. Энэ нь Эрчим хүчний хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал юм. Энэ хуулийг зургаадугаар сарын 23-нд өргөн бариад маш хурдан хугацаанд буюу өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр хүлээж байна. Эрчим хүчний яам олон нийтэд танилцуулах, хэлэлцүүлгийн шатыг алгасаад, яаман дээрээ нэг удаа хэлэлцүүлсэн болоод Эдийн засгийн байнгын хороо руу оруулж ирсэн. Бусад талууд саналаа өгч чадаагүй байгаа. Энэ хуулийн төсөл дээр гурван зүйлийн 30 шинэ заалтыг оруулж ирсэн.
Энэ 30 заалт нь эрчим хүчний төсөл гэдэг шинэ нэршлийг гаргаж өгч байна. Эрчим хүчний төсөл нь нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бусад эрчим хүчний шинэ эх үүсвэрийг зураг төсөл боловсруулах, эрчим хүчний барилга байгууламж барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий төслийг хэлнэ гэж нэрлэсэн.
Хуулийн төслийн нэмэлтэд сэргээгдэх эрчим хүчийг орхигдуулсан. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна. Эрчим хүчний төслийн түншлэлийн гэрээ гэдэг ойлголтыг оруулж ирж байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиас гадуур шинээр эрчим хүчний төслүүдийг тухайчилж авч үздэг байна.
Хэрвээ тендерийн тухай хууль хэрэгжихгүй гэдгээр тус тусад нь ялгаад авах байдал үргэлжлэх юм бол төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үндсэн агуулга зөрчигдөх аюул нүүрлэж байна. Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах 2 зүйл заалтыг нэмсэн. ЗГ-ын өрийн удирдлагатай холбоотой асуудлууд дээр оролцохгүй гэдгээр гаргаж өгч байна. Эрчим хүчний зохицуулах хороо дээр одоогоор олгогдсон тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг ЭХЯ хуулийн нэмэлт дээр өөр дээрээ татаж авч байна. Ажлын хэсэг байгуулагдана. Ажлын хэсэг эрчим хүчний төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нэртэй. Эрчим хүчний сайд ахлаад 5 хүний бүрэлдэхүүнтэй. 2 хүн яамнаас томилогдож, 3 нь эрчим хүчний салбарын төлөөлөл байна. Энэ 5 хүн бүх эрчим хүчний төслүүдийг шийдвэрлэх эрхтэй.
Ажлын хэсэг эрчим хүч нийлүүлэх үнэ, төслийг төрд шилжүүлэх нөхцөл, төслийн хугацаа, санхүүжилтийн зардал, хэмжээ, туслан гүйцэтгэгчийн чадал, төслийн гүйцэтгэгчийн чадавхыг шийдвэрлэнэ. Ажлын хэсэг шууд дангаараа шийдвэрлэнэ. Эрчим хүчний салбар дахь том төслүүд тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гацдаг. Цаг хугацаа алддаг нь үнэн. Би чуулган дээр тусгай зөвшөөрлөөс болоод том төслүүд явахгүй байгааг дурдаж байсан. Гэвч сар гаруйн дараа эрчим хүчний тухай хуульд том өөрчлөлт оруулж ирнэ гэж зарласан нь зарчимгүй үйлдэл. Чуулганы танхимд эрчим хүчний сайд худлаа ярьж байна уу гэдгийг асуух ёстой. Мэдээж бид эрчим хүчний төслүүдээ хөдөлгөх ёстой. Наадмын үеэр олон хуулийн төсөл хэлэлцэх үед том асуудлыг олон нийттэй хэлэлцэлгүй явуулах гэж оролдож байгаа нь сэжигтэй. Наадмын үеэр олон хуулийн төсөл хэлэлцэх үед том асуудлыг олон нийттэй хэлэлцэлгүй явуулах гэж оролдож байгаа нь сэжигтэй байна" гэв.
ШУУД: