Өнөөдрийн /2025.06.27/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, “Төсөв бол тоогоор илэрхийлж байгаа хөгжлийн бодлого. Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодлогыг өнөөдөр хэлэлцэж байна. Гэтэл Б.Жавхлан, Ч.Ундрам, Г.Дамдинням сайдаас өөр сайд энэ танхимд алга. Тэгэхээр энэ Засгийн газарт эдийн засгийн бодлого нэг их сонин биш байх шиг байна. Б.Жавхлан сайдын хариултаас харахад Монгол Улсад эдийн засгийн бодлого байна уу даа гэсэн бодол төрж байна.Учир нь өнгөрсөн Засгийн газарт бид нар хамтарч ажилласан. Тухайн үед сангийн сайд төсөв тодотгох шаардлага байхгүй. Төсвийг тодотгоход шалтгаан хэрэгтэй гэж хэлж байсан. Одоо төсвөө тодотгож байна л даа. Засгийн газрыг өөрчлөгдөхийг л хүлээж байсан юм шиг байгаа юм. Хоёрдугаарт, төсвийг тодотгож байна гэдэг нь төсвийг төлөвлөхдөө алдаа гаргаж байна л гэсэн үг. Л.Гантөмөр сайд байхгүй болохоор ганцаардаад байгаа юм уу Б.Жавхлан сайд их тааруу хариулаад байна. Эсвэл нэг их ач холбогдол өгөхгүй байгаа юм уу. Одоо УИХ хэд хэдэн хуулийн төслийг өргөн барих гэж байгаа. Жишээлбэл НӨАТ-ыг таван хувь болгох хуулийг өргөн барьсан. Одоогийн Ерөнхий сайд энэ хуулийг дэмждэг. Ингээд татварын маш олон өөрчлөлт гарна. Төсвийн орлого бүрдүүлэлт дээрээ үүнийг тооцож үзсэн үү. Дахиад буруу төлөвлөөд оруулаад ирсэн юм биш биз. Мөн НДШ-т өөрчлөлт орно. Энэ асуудлыг төсвийн орлого бүрдүүлэхэд тооцсон уу. Мөн Ерөнхий аудитын газар 9.2 тэрбумын зөрчил байна, 61 төсвийн ерөнхийлөн захирагч алдаа гаргасан байна гэж байгаа. Энэ аудитын дүгнэлт дээр хариуцлага хүлээлгэдэг болвол яасан юм бэ. Мөн маш олон хууль дээр татварын хөнгөлөлт авахаар байгаа. Энэ төсвийн орлого бүрдүүлэлтэд нөлөөлнө шүү дээ” гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан, “Одоо төсвийн хүрээний мэдэгдлийн өөрчлөлт яригдаж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам энэ макро төлөвлөлтийг хийдэг. Таны ярьж байгаа татварын орлого болон НДШ-тэй холбоотой өөрчлөлт нь 2026 оны төсөв дээр гарч ирнэ. Одоо 2025 оны сүүлийн хагас жилийн төсвийг ярьж байна шүү дээ. Өнгөрсөн гурав болон дөрөвдүгээр сард тодотгол хийх шаардлагагүй байсан. Бид хууль зөрчиж тодотгол хийж болхохгүй. Хэн нэгнийг тодруулах зорилготой тодотгол хийж болохгүй. Хүсээд байх зүйл ч биш. Өдөр өдрөөр нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Засаг өөрчлөгдөж бүтцэд ч өөрчлөлт орсонтул үүнийг дагаад хэмнэлтийн тодотгол хийж байгаа" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: