Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Нуртлеу нар 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Албан ёсны хэлэлцээний үеэр талууд хоёр улсын төрийн тэргүүн нар харилцан тохирсон ажлуудын хэрэгжилтийг дүгнэж, Монгол, Казахстаны Стратегийн түншлэлийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо.

Талууд Монгол Улсад Казахстан Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд 2006 оноос хойш 20 орчим жилийн дараа анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын ач холбогдлыг тэмдэглэж, сайд М.Нуртлеу казахстаны талын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Хэлэлцээний үеэр талууд хоёр улсын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал болон Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт, Консулын уулзалтыг тогтмолжуулахаар тохирлоо.

Түүнчлэн зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн Монгол Улсын ноос ноолуур, арьс, шир боловсруулах салбарын арвин нөөц бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төслийг судлан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тогтов.

Сайд М.Нуртлеу Казахстан Улс мэдээллийн технологийн хөгжлөөр дэлхийд 24 дүгээрт эрэмбэлэгдэж буйг тэмдэглэж, хоёр талын цаашдын хамтын ажиллагаанд залуу боловсон хүчин бэлтгэх нь чухал ач холбогдолтойг онцлов. Тэрээр Монгол Улсын залуучууд, түүний дотор хөдөө, орон нутгийн залуучуудад мэдээллийн технологи, инженерийн чиглэлээр суралцахад дэмжлэг үзүүлж, тэтгэлэг олгоход казахстаны тал бэлэн буйгаа илэрхийлж, энэ чиглэлээр үр дүнтэй, урт хугацааны хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв.
Талууд зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх, тээвэр, логистикийн шинэ маршрут, дөт замыг бий болгох чиглэлд хоёр болон олон талт эрх зүйн механизмын хүрээнд хамтран ажиллахаар тохирлоо.
Дээрх чиглэлд хамтын ажиллагааг урагшлуулах хүрээнд “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комисс”-ын ээлжит хуралдааныг 2025 онд багтаан зохион байгуулахаар тогтов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан байгаль орчны салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллахаа талууд нотлов.
Хоёр улс НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.







