УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.26/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.
Тэрбээр, манай улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 7,4 хувь, 2024 онд 4,9 хувь байсан бол 25 оны эхний улиралд 2,4 хувь болж буураад байна. Нийт экспорт 2025 оны эхний 5 сард 5,4 тэрбум ам. доллар болж өмнөх оны мөн үеэс 15 хувь буюу 931 сая ам. доллароор, төсвийн нийт орлого 2025 оны эхний 5 сард 11,4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11 хувь буюу 1,3 их наяд төгрөгөөр буураад байна. Экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ ГЕГ-аас зарладаг албан статистик мэдээллээр 2025 оны эхний 5 сарын байдлын дунджаар 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаад байна. Экспортын төсвийн орлого буурч, эдийн засгийн өсөлт саарсны улмаас 2025 онд нэгдсэн төсвийн орлого төсвийн хүрээний мэдэгдэлд заасан орлогын доод хэмжээнд хүрэхгүй байхаар байгаа бөгөөд мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх зорилгоор төсвийн тодотгол хийж байгаа тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг та бүхэнд танилцуулж байна. Хуулийн төсөлд 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3,2 их наядаар бууруулж, нөгөө талд нь төсвийн зарлагыг 1,9 төгрөгөөр бууруулж, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их наяд 365 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгаж байна. Уг хуулийн төсөлд нэгдсэн төсвийн 2026-2027 оны төсөөлөл шинэчлэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай тул уг хуулийн төслийг дагах хуулиар өргөн мэдүүлсэн болно гэв. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа, Ж.Баясгалан нар инфляцийг тооцсон аргачлалын талаар тодруулахыг хүслээ. Учир нь 2025 оны 5 дугаар сарын байдлаар 8,3 хувьд хүрсэн байна. Бодит үнийн өсөлт үргэлжилсээр байхад инфляцийг багаар тооцсон байна гэв. Хууль санаачлагч, ЗГХЭГ-ийн дарга С.Бямбацогт, Төсвийн хүрээний мэдэгдэлд инфляцийг 7,2 хувиар тооцсон боловч эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг тооцож 9,5 хувиар тооцсон. Үндэсний статистикийн хороо өргөн хэрэглээний 430 орчим бараа, бүтээгдэхүүний дундаж үнийг жинлэн инфляцийг тооцдог. Тиймээс бодит тооцоо хэмээн дүгнэж байна хэмээн хариулаад Үндэсний статистикийн хороо ямар аргачлалаар хэрхэн тооцоолсон дэлгэрэнгүй материалыг гишүүн тус бүрд илгээхээр болов. Ингээд асуулт, хариулт өндөрслөсний дараа хэлэлцэж буй хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураав. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүний дараа байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал, дүгнэлт боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцлээ. Энэхүү дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа танилцууллаа.
Тэрбээр, ажлын хэсэг гадаад зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн салбарын төсөв, эдийн засаг, дэд бүтцийн салбарын төсөв болон төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгаа, орон тоотой холбоотой мэдээлэлтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, гишүүдийг мэдээллээр хангах үүрэг бүхий 4 дэд хэсгийг байгуулж ажиллалаа гээд төсвийн цаглабар, нийгмийн салбар, төрийн албан хаагчийн цалин, нийгмийн баталгаа, орон тоо, эдийн засаг, дэд бүтцийн төсөв, гадаад зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалт зэрэгтэй холбоотой саналуудыг тус тус багцлан танилцуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын намрын чуулганыг 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсвийн төслийг намрын чуулган эхэлсэн өдрөөс эхлэн хэлэлцүүлэхээр төсвийн төсөлтэй танилцах хэлэлцүүлгийн шинэ үе шат нэмж, нийт 5 үе шаттайгаар хэлэлцдэг байх нэмэлт, өөрчлөлт холбогдох хуульд оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбоотойгоор төсөв хэлэлцэн батлах хугацаа, чуулганы хуралдааны дэгийн зохицуулалтыг нэмэх шаардлагатай байна. Ингэснээр хоригийг хүлээн авснаас шалтгаалан төсвийг шинээр хэлэлцэх асуудалд хууль зүйн маргаан үүсэхгүй байх, дэгийн хувьд эрх зүйн орчныг тодорхой болгох зэрэг санал гаргасан байна.
Мөн төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, ажиллагсад, гадаад, дотоодын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хүрээнд олгож буй цалин, нийгмийн баталгаа салангид зохицуулагдаж, зарим төрлийн цалин, урамшуулал, нэмэгдэл нь харилцан уялдаагүй, хэт төвлөрсөн байх нь төсвийн зардал, төрийн албаны бүтээмж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байгаа тул Төрийн албаны цалин, нийгмийн баталгааны тогтолцоог уялдуулах, цалин, урамшуулал, нийгмийн баталгааг нэгтгэн зохицуулах зорилгоор “Төрийн албаны цалин, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг боловсруулж, батлуулан нэгдсэн цалингийн тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэхчлэн саналуудыг боловсруулан танилцуулав.
Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Б.Заяабал, Ж. Ганбаатар нар төсвийн цаглаварыг өөрчлөх эсэхийг эргэн харах, төсвийн орлогыг бага төлөвлөж байж, төрийн албаны данхайсан бүтэц багасах боломжтой, төсвийн зардлыг бодитой төлөвлөхөд анхаарах, төсвийг сүүлийн 3 жил дараалан хэт нэмэгдүүлснээс эдийн засгийн өнөөгийн хүндрэл үүсэх нэг шалтгаан болж байгаа талаар саналаа хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.