Солонгос улсаас хөдөө аж ахуй, үйлдвэрт 3000 иргэн ажиллуулах квот олгожээ

Солонгос улсаас хөдөө аж ахуй, үйлдвэрт 3000 иргэн ажиллуулах квот олгожээ

Хүний эрхийн дэд хорооны өнөөдөр /2025.06.25/-ийн хуралдаанаар Гадаад улс дахь Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Гишүүд гадаадад зорчиж байгаа болон ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах тогтоолын төсөл хэлэлцэж байгаад талархалтай байна. Гэхдээ хоёр улсын дипломат харилцааны асуудалд анхаарал болгоомжтой хандах ёстойг зарим гишүүн онцлов. Солонгос улсад зорчиход хил дээрээс буцаах, эмчилгээнд яаралтай явж байгаа иргэдээс виз хүсэх, төрийн үйлчилгээ авахад бэрхшээлтэй, хүний эрхийн зөрчил удаа дараа гарч байгаа талаар гишүүд асуулт асууж хариулт авлаа. ХЭҮК хүний эрхийг зөрчиж байгаа асуудалд хянуур хандах шаардлагатайг ч хэллээ.

Гадаад харилцааны яам эхний ээлжид эмчилгээний зорилгоор зорчиж байгаа иргэдийг визгүй зорчих хүсэлт гаргаад ажиллаж байгааг тайлбарлав. Солонгос улсын талаас манай улсад 3000 иргэн ажиллуулах квот олгосон. Хөдөө аж ахуй, үйлдвэрүүдэд ажиллах зориулалтаар квот олгож байгааг хэллээ. Манай улсаас Солонгос улсад хууль ёсны ажиллаж байгаа иргэдийн ар гэрийнхнийг визний хөнгөлөлтөд оруулах асуудлыг тавьсан ч тодорхой шийдвэр гараагүй байна. ХЭҮК-ийн хувьд хоёр улсын иргэний эрх хамгаалах чиглэлд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан гэв. Тогтоолын төслийг хэлэлцээд дэмжлээ.