Засгийн газар өнөөдөр /2025.06.25/ ээлжит хуралдаанаа хийж, төсвийн тодотголыг УИХ-д өргөн барихаар боллоо. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр, “Төвсийн тодотголыг өнөөдөр гурав дахь удаагаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ. Энэ хугацаанд төвсийн ерөнхийлөн захирагч нар болон иргэдээс санал авч, тодорхой өөрчлөлт хийж, сайжруулсан. Ийнхүү УИХ-д төсвийн тодотголыг өргөн барихад бэлэн боллоо. Анх тодотголын тоон мэдээллийг танилцуулснаас хойш багагүй өөрчлөлт орсон. Энэ удаа 2025 оны төсөвт тавигдсан тоонууд дээр тодотгол хийж байгаа. 2025 оны төсөвт тодотгол хийхээр 2026, 2027 оны төсвийн төсөөллүүдэд ч өөрчлөлт орох тул эдгээр өөрчлөлтүүдийг тусад нь өргөн барина гэсэн үг.
Жилийн эцсээр 2.3 их наядын орлого дутахаар байсан ч энэ тоо өдөр өдрөөр өөрчлөгдөж байгаа. Ингээд жилийн эцэст дахин нэг их наядаар буюу 3.3 их наядаар орлогын гүйцэтгэл дутаж гарах нь гэсэн тооцоолол гарсан. 2025 оны тавдугаар сар хүртэл нүүрсний үнэ унаж байсан ч харьцангуй тогтвортой байсан. Гэвч сүүлийн ганцхан сарын дотор 120-130 юаниар нүүрсний үнэ унасан. Энэ нь бидний төсөөлж байсан төсөөлөлд хүчтэй нөлөө үзүүлэх нь. Тавдугаар сарын байдлаар төсвийн гүйцэтгэл 259 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Гэхдээ үүнд тааруулж зардлаа ч танаж ирсэн. Эхний таван сард зардлаа 25 хувь танасан. Гэвч энэ байдлаараа байвал жилийн эцэс гэхэд 3.3 их наядаар орлого дутаж, энэ хэмжээний алдагдал үүсэхээр байна. Иймд тодотгол хийж, 3.3 их наядын алдагдлыг бууруулахаар зардлаа танах болно. 2.3 их наядыг танах тооцоолол 2.1 их наяд болж буурсан. Үүнд гурван зүйл нөлөөлсөн.
Нэгдүгээрт, "ДЦС 3" дээр гарсан осолтой холбоотой болон дулааны тарифын өөрчлөлтийг нэг удаа хойшлуулсан. Үүнтэй хоблоотой татаас нэмэгдэж байгаа учраас өвлийн бэлтгэл ажлыг хангах шаардлага гарсан. Иймд Эрчим хүчний яам 122 тэрбум төгрөгийг буцаан тавих нөхцөл ирсэн. Улмаар 78 тэрбум төгрөгийг буцаан тавилаа.
Хоёрдугаарт, Засгийн газрын нөөц хөрөнгө дээр 50 тэрбум төгрөгийг нэмж тавихаар шийдлээ. Учир нь Ойрх дорнодод гарч байгаа дайны нөхцөл байдал нь газрын тосны үнэд нөлөө үзүүлж, манай улсад хомсдол үүсгэж болзошгүй байгаа учраас үүнд бэлтгэх шаардлагатай байгаа. Мөн ирэх өвөл нэлээд хатуу өвөл болох төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын нөөц хөрөнгийг 50 тэрбум төгөргөөр нэмэхээр боллоо.
Гуравдугаарт, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргийн дагуу дараа жил COP17-г зохион байгуулна. Энэ жил 50 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байсан ч тавдугаар сарын 31-ний байдлаар худалдан авах ажиллагааг хийж амжаагүй учраас татсан. Үүнийг буцаан тавих шаардлага үүсэж байгаа. Ингээд нийт 187 тэрбум төгрөгийг буцаан тавих шаардлага гарч ирж байна. Ийнхүү 2025 оны батлагдсан төсвөөс 2.1 их наяд төгрөгийн зардлаа хэмнэхээр болсон. Цаашид орлого дутагдаж, зардлаа бууруулах болбол бидний хүрч болохгүй урсгал зардал гэж байгаа. Тухайлбал цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой тогтмол зардлууд руу аль болох орохгүй. Эдийн засгийн хүндрэл, төсвийн тодотголыг иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: