Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулаад яг 22 хонож байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 02-ний өдөр түүнд итгэл хүлээлгэхгүй гэх шийдвэрийг УИХ-аас гаргасан. Үүнээс 11 хоногийн дараа буюу энэ сарын 13-ны өдөр Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тамгаа одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарт гардуулж өгөөд "алга болов".
Тодруулбал, тэрбээр шинэ Засгийн газар, Ерөнхий сайдыг ажлаа эхлүүлснээс хойш Төрийн ордонд нэг ч харагдсангүй. Энэ нь ч УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллээс баталгаажина. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааныг хуралдуулж, Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэсэн.
Энэ хуралдаанаас тэрбээр чөлөө авсан байна. Үүний өмнөх буюу зургаадугаар сарын 13, 17, 19, 20-ны өдрийн хуралдаанаас ч мөн чөлөө авчээ. УИХ-ын чуулганы ирцийн мэдээг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Хамгийн сүүлд тэрбээр Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох хуралд шөнийн 00:20 минутад орж ирж ирцээ бүртгүүлжээ. Харин үүнээс хойш Төрийн ордонд бүү хэл улс төрийн хүрээнд харагдахгүй болсон байна. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр Засгийн газрын тамгаа шилжүүлж өгөөд л гадагшаа явжээ. Ингэхдээ Солонгос явсан байх магадлалтай гэнэ.
УИХ-ын хаврын чуулганыг наадмын өмнө завсарлуулна. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ нь хаврын чуулганыг өндөрлөх хүртэлх хуралдаанд лав нэг ч оролцохгүй нь. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр намар л Монголд ирэх бололтой. Учир нь ирэх аравдугаар сард МАН-ын Их хурал хуралдаж намын дүрмээ шинэчилнэ. Энэ хурлыг зохион байгуулахаар бэлтгэж буй талаар өчигдөр /2025.06.23/ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдэгдсэн.
Энэ үеэр МАН-ын даргыг солих асуудлыг хүссэн, хүсээгүй ярина. Учир нь тус намын дүрмээр намын дарга Ерөнхий сайдаар ажиллах ёстой. Тэгэхээр Г.Занданшатарыг намын даргаар томилох асуудлыг ярих учир тэрбээр Монголд ирнэ.
Өөрөөр хэлбэл, МАН-ын Их хурлаар тэрбээр намын даргын ажлаа мөн хүлээлгэн өгөх юм. Ташрамд дурдахад, түүний хүү О.Тэмүүлэнгийн тансаглал олон нийтийн шүүмжлэлийг дагуулж улмаар Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлоод огцрохыг шаардсан. Гэвч тэрбээр одоог хүртэл орлогоо нотолж чадаагүй байгаа бөгөөд АТГ-аас тус хэргийг шалгаж байна гэхээс өөр мэдээлэлгүй байгаа юм.