Хуурамч шатахууны гол найрлага болох керосин, нафта зэрэгт тонн тутамд нь 750 мянган төгрөгийн онцгой албан татвар оногдуулах хуулийн төслийг өргөн барив

Хуурамч шатахууны гол найрлага болох керосин, нафта зэрэгт тонн тутамд нь 750 мянган төгрөгийн онцгой албан татвар оногдуулах хуулийн төслийг өргөн барив

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын дөрвөн гишүүн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан бөгөөд төслийг энэ сарын 18-ны өдөр /2025.06.18/ УИХ-д өргөн барьсан байна. 

Тэрээр 2020 онд тус хуулийг өргөн барьж 2021 онд батлуулж байсан юм. Ингэснээр нефтийн дайвар бүтээгдэхүүн буюу керосин, нафта зэрэгт тонн тутамд 285 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулсан. Энэ өөрчлөлт нь хуурамч шатахуун, дизель түлшний импортыг багасгах зорилготой байсан юм. Гэвч  гуравхан жилийн дараа буюу 2024 онд Үндсэн хуулийн цэц энэ хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнээр монголчууд дахиад л чанаргүй шатахуун, дизель түлш хэрэглэх болсон юм.

Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы индэрээс “Манай улсад жилд 230 мянган тонн керосин, нафта оруулж ирж хольдог. Татвар, үнийн зөрүүнээс 100 тэрбумын ашиг олдог. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах, эсэх шийдвэр гаргаагүй байхад л манай улсын хил дээр 360 вагон керосин, нафта ирчихсэн хүлээж байна”  гэж мэдэгдэж байв. Тэгвэл тэрээр дахин Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, өргөн барьжээ. Тодруулбал, керосин, хийн конденсатын нэрмэл дистиллят, хөнгөн фракцын бензин буюу нафта зэрэг газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд тонн тутамд нь 750 мянган төгрөгийн онцгой албан татвар оногдуулах нь зүйтэй гэж хуулийн төсөлдөө тусгасан байна. 

 

-КЕРОСИН, НАФТА ЗЭРГЭЭС ТАТВАР АВСАН БОЛ УЛСЫН ТӨСӨВТ 63 ТЭРБУМЫГ ТӨВЛӨРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БАЙЖЭЭ-

Энэ талаар хууль санаачлагч "Компаниуд завсрын бүтээгдхүүнийг үйл ажиллагаандаа ашигласныхаа төлөө нэг ч төгрөгийн татвар улсад төлөхгүй байна. 2017, 2018 онуудад Монгол Улсын хилээр хуурамч шатахуун үйлдвэрлэлийн гол түүхий эд болох  202 мянган тонн бодисыг оруулж ирсэн мэдээ байна. Үүнээс харахад л сүүлийн хоёр жилд эдгээр нефтийн төрлийн бүтээгдэхүүнээс гаалийн албан татварт 3.6 тэрбум, онцгой албан татварт 55.6 тэрбум, хямдралтай үнээр импортолсон шатахуун, дизелийн түлшинд ногдох гаалийн болон НӨАТ-т 3.8 тэрбум, нийтдээ 63.0 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой байжээ. Ийнхүү Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар татварын бааз сууриа тэлж, улсын төсвийн орлогыг өсгөөд зогсохгүй хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хязгаарлаж, иргэдээ олон тэрбум төгрөгийн өрөнд оруулахгүй, тэдний эрх ашгийг хамгаалах арга хэрэгсэл болох юм.

Хуулийн төсөл 5 заалттай. Керосин, хийн конденсатын нэрмэл дистиллят, хөнгөн фракцын бензин буюу нафта... зэрэг газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн болох бодисуудыг шатахуунтай найруулаад зах зээлийн үнээс хямдаар зах зээлд нийлүүлж байна. Шатахууныг дээрх бодисуудаар шингэлэн найруулж, арвижуулаад чанаргүй, хуурамч шатахуун болгодог. Ийнхүү найруулсан шатахуун нь машины бензин насос, явах эд ангийг эвдэж иргэдэд асар их хохирол учруулж байгааг шийдвэрлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд зарим нэг өөрчлөлтийг оруулж байна. Мөн ийм үйл ажиллагаа явуулж буй компаниуд дээрх бодисуудыг үйлдвэрлэлд ашигласныхаа төлөө татвар төлөхгүй байгаа асуудлыг нэг мөр цэгцлэх зорилготой юм.  Хуулийн төсөл батлагдсанаар иргэд чанартай шатахуун хэрэглэнэ. Мөн улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэх боломжтой юм. Улс орны эдийн засагт ямар нэгэн сөрөг үр дагавар үүсэхгүй, харин иргэдийг хуурамч бүтээгдэхүүн хэрэглэхээс сэргийлж, тэдний өмч хөрөнгийг хамгаалахад чиглэнэ. Хэрэглэгчид чанартай шатахуунаа зах зээлийн үнээр л худалдаж авна" гэжээ. 

Манай улс жилд импортоор авсан шатахуунаасаа борлуулсан нь 66 хүртэлх хувиар их байна гэдэг дүгнэлтийг Аудитаас ч гаргаж байсан. Тодруулбал, 2018 онд 48, 2019 онд 19, 2020 онд 66 хувиар импортоор авсан шатахуунаасаа борлуулсан нь давсан гэж аудитын тайланд дурдсан. Энэ нь керосин, нафтаг татваргүй оруулж ирээд чанар муутай шатахуун хийж борлуулж байгааг илтгэх нэг баримт юм.