МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дараагийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх талаар хэлэлцлээ. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд орж байгаа сайд нарынхаа талаар мэдээлэл өглөө. Удирдах зөвлөл хэлэлцээд Ерөнхий сайдын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг нь хүндэтгэж шийдвэрийг нь дэмжлээ. Гадаад, дотоодын нөхцөл байдлыг харгалзан хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэрээ танилцуулсан. Удирдах зөвлөлөөс өмнө нь Засгийн газарт хамтран ажиллаж байхдаа гэрээгээ зөрчсөн намаас бусад нам, эвсэлтэй хамтран ажиллах чиглэл өглөө. Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүйгээр аваад явна. Гэхдээ удахгүй оруулж ирэх төсвийн тодотголтой холбоотойгоор бүтцийн өөрчлөлт хийнэ. Ингэхдээ Үндэсний хороод толгойлж байсан сайд нарыг томилохгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн УИХ-аас баталсан 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахгүй. Тиймээс асуудлаа мэдэж байгаа сайд нарыг дараагийн Засгийн газарт үлдээнэ гэдгээ Ерөнхий сайд хэлсэн. Ерөнхий сайд санал тавьсан нам, эвсэлтэйгээ хэлэлцээд асуудлаа эцэслэх ёстой. Засгийн газар ойрын хугацаанд байгуулагдана" гэв.