Ерөнхий сайд Г.Занданшатарыг өчигдөр /2025.06.13/ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барина гэх хүлээлт байсан ч тэрбээр хойшлуулав.
-МАН-ЫН ЗӨРЧИЛ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ГАЦААВ-
Шалтгаан нь МАН доторх зөрчил бусад намын хариутай холбоотой. Тодруулбал, Ерөнхий сайд ГЗанданшатар Засгийн газраа ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэлтэй хамтран байгуулахаар зорьж байгаа. Гэхдээ дээрх намын дарга нарын зарим нь татгалзсан бол зарим нь хариугаа өгөөгүй байна. Нөгөөтэйгүүр МАН-ын 1А бүлгийнхэн буюу анх удаа парламентад сонгогдсон 30 гаруй гишүүн өчигдөр /2025.06.13/ Ерөнхий сайдтай уулзаж, хуучин сайд нарыг үлдээж байгааг эсэргүүцсэн бичгээ өгсөн. Санаачлагч нь УИХ-ын гишүүн Э.Болормаа. Тэд өмнө нь ажиллах байсан сайд нар хамтын хариуцлага хүлээх ёстой гэж үзэн УИХ-д анх удаа сонгогдсон гишүүдийг кабинетдаа оруулах, хүйсийн тэгш байдлыг хангах, парламентын гаднаас танхимын сайдаа сонгохгүй байх зэргийг шаардсан. Мөн УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Засгийн газрыг бүрдүүлэхдээ жендерийн тэгш эрхийг хангахыг хүссэн албан бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. Тэд энэ санаачлагаараа "Урвагчид албан тушаалдаа үлдэхгүй шүү" гэсэн Л.Оюун-Эрдэнийн хонзонг илэрхийлж байх магадлалтай.
Учир нь Г.Занданшатарын Засгийн газарт Ч.Номин болон АН-ын сайд нараас бусад хуучин сайд нар үлдэж байгаа сураг бий. Тэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцрох сургаар зарим хөрөнгө оруулалтыг зогсоосон нөгөө талд ажилласан эцэст нь эсрэг санал өгсөн гэж буй. Ингэж урвачхаад албан тушаалтайгаа үлдэхгүй шүү гэх санааг дээрх гишүүдээр дамжуулан илэрхийлж байх магадлалтай.
-МАН-ЫН БҮЛГИЙН 30 ГИШҮҮН ЕРӨНХИЙ САЙДАД ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОСОН ЭРХЭНД ХАЛДАЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ-
Дээрх 30 гаруй гишүүнийг харахад ч тэр жагсаалтаар УИХ-д орсон болон яг Л.Оюун-Эрдэнийн хүмүүс байгаа юм. Гэхдээ тэд энэ үйлдлээрээ Үндсэн хууль зөрчиж байх магадлалтай. Учир нь Үндсэн хуулийн Үндсэн хуулийн 39.3 болон 39.4-т "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө" гэж заасан байдаг. Тэгэхээр Ерөнхий сайдын энэ бүрэн эрхэнд халдаж буй үйлдэл байх магадлалтай юм. Яг одоо улс төрийн хүрээнд уулзалт болж буйг бөгөөд ХҮН Засгийн газарт хамтрахгүй гэсэн бол Үндэсний эвслийн Н.Номтойбаяр, ИЗНН-ын Б.Батбаатар нар яамаа голсон байна.