Улсын дээд шүүх хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг 2025 оны 6 дугаар сарын 4-нд хэлэлцэж, хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Нямхүү, Д.Бархүү нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдсон байдаг.
Улмаар тухайн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцээд тэдэнд холбогдох хэргийг цагаатгасан юм. Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.