Хуучин сайд нарыг шинэ ЗГ-т үлдээхийг эсэргүүцсэн Э.Болормаагийн албан бичигт МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсгээ зуржээ

Хуучин сайд нарыг шинэ ЗГ-т үлдээхийг эсэргүүцсэн Э.Болормаагийн албан бичигт МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсгээ зуржээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.06.13/ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барина. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д танилцуулаад л болох юм. Болж өгвөл өнөөдөртөө /2025.06.13/ багтаан Засгийн газрыг байгуулж ирэх долоо хоногт Монгол Улсын 2025 оны улсын төсвийн тодотголыг өргөн барина гэдгийг өчигдөр тэрбээр мэдэгдсэн. 

Тэгвэл Г.Занданшатар нь ХҮН, ИЗНН, Үндэсний эвслийг оролцуулан Засгийн газраа байгуулахаар ажиллаж байгаа аж. Харин нөгөө хэд нь тавьсан саналд нь ямар хариу өгөх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Ингэхдээ эхний байдлаар яамгүй сайд нарыг хасаж, Соёлын сайд Ч.Номингоос бусад сайд нарыг улираан ажиллуулах аж. 

Яамгүй сайд гэдэг нь Худалдан авах, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн хариуцсан Шадар Сайд, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга гэсэн сайдыг ажиллуулахгүй гэсэн үг. Ингээд 16-17 яамтай ажиллах бололтой. 

Харин өнгөрсөн Засгийн газарт ажиллаж байсан хуучин сайд нарыг үлдээх гэж буй нь МАН-ын зарим гишүүдийн шүүмжлэлийг дагуулж, УИХ-ын гишүүн Э.Болормаа эсэргүүцсэн албан бичгийг үйлдэж, бүлгийн гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. Одоогийн байдлаар албан бичигт 30 гаруй гишүүн дэмжиж гарын үсгээ зуржээ.