Г.Занданшатар: Монгол Улсын эрх ашгийн төлөө заавал Засгийн газарт орсноор хамтардаг юм биш

Г.Занданшатар: Монгол Улсын эрх ашгийн төлөө заавал Засгийн газарт орсноор хамтардаг юм биш

ТББХ өнөөдөр /2025.06.12/ хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж, Г.Занданшатараас гишүүд асуулт асууж хариулт авч байна. Үүний дараа чуулганы хуралдаанаар уг асуудлыг оруулах юм. 

ВИДЕО: 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа, "Ерөнхий сайд огцроход итгэл хүлээлгэхгүй байх нөхцөл үүсэхэд эргээд харахад таны дүгнэлт ямар байгаа вэ. Та өөрөө улс төрийн байдал зөрчилтэй байна гэдэг үгийг хэллээ. Юунаас болоод өмнөх хамтарсан Засгийн газар үргэлжилж чадахгүй байх нөхцөл үүссэн гэж үзсэн бэ. Та дараагийн Засгийн газрын үйл ажиллагаандаа ямар өөрчлөлтүүдийг хийх вэ. Тогтвортой Засгийн газар бол мэдээж сайн засгийн газар гэж би хувьдаа үздэг. Саяны хэлсэнчлэн эв нэгдэлтэй байх үедээ Монголчууд байнга урагшилна гэдэгтээ санал нийлнэ. Тийм ч учраас би хамтарсан Засгийн газрыг дэмжиж ирсэн. Таны хувьд хамтарсан Засгийн газар дээр ямар байр суурьтай байгаа вэ. Юуг эрхэмлэж ажиллах вэ. Хоёрдугаарт дараагийн Засгийн газрыг бүрдүүлэхдээ Засгийн газрын тэргүүний хувьд бусад намуудыг оролцуулах уу. МАН-ын Бага хурлаар гэрээгээ зөрчсөн гэдэг томъёоллыг яагаад ч юм гаргаж ирээд АН-ыг засгаас гаргах шийдвэр гаргасан. Шударгаар хэлэхэд олон хүний гомдол байсан байх. Тэгэхээр ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд бусад намуудтайгаа хамтрах уу. Намын удирдлагын түвшинд энэ асуудлыг хэлэлцсэн үү” гэлээ.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар, “Одоо бид арагшаа биш урагшаа харж ажиллах ёстой. УИХ-аар өдөржин шөнөжин хэлэлцээд гаргасан шийдвэрийг би шүүдэг хүн нь биш. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хангалттай сайн ажиллаж, мега төслүүдийг урагшлуулж, авлигатай тэмцэх, Үндэсний баялгийн сангийн хуулийг амьдруулах тал дээр богино хугацаанд үр дүнтэй ажилласан гэж бодож байгаа учраас энэ сайн ажлууд цаашдаа ч үргэлжлэх ёстой. УИХ-д суудалтай улс төрийн намуудтай ярилцаагүй. Ерөнхий сайд энэ асуудлыг ярьдаг учраас Ерөнхий сайд болоогүй миний бие энэ асуудлыг ярих боломжгүй. Ерөнхий сайдаар томилогдох юм бол УИХ-д суудалтай намуудтай хамтын ажиллагааны талаар ярилцана. Ярилцах эрх үүснэ. Ярилцах эсэхээ ч бас шийднэ. Нэг зүйл байгаа нь Монгол Улсын эрх ашгийн төлөө аливаа төсөл дээр заавал Засгийн газарт орсноороо хамтардаг юм биш. Нийт УИХ-ын гишүүд намын бүлгүүд Монгол улсад хэрэгтэй сайн зүйл дээр хамтарч ажиллах ётсой. Иймд хамтын ажиллагаа илүү өргөн утгаараа яригдах хэрэгтэй" гэлээ.