Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы хуралдаанаар өнөөдөр /2025.06.12/ хэлэлцэж шийдвэрлэнэ. Эл шийдвэрээс үл хамааран түүний Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн аль хэдийн зурагдсан талаар улс төрийн хүрээнд ярьж эхэлжээ.
-Г.ЗАНДАНШАТАР ДАНГААРАА ЗАСГИЙН ГАЗРЫГ БАЙГУУЛЖ 12-13 ЯАМТАЙГААР АЖИЛЛУУЛАХ УУ-
Тухайлбал, өмнөх Хамтарсан Засгийн газар 16 яам, 23 сайдтай ажилласан бол Г.Занданшатарын Засгийн газар 12-13 яамтай ажиллана гэх мэдээлэл байна. Ингэхдээ нам, бүлгийн нягт байдлыг хангахын тулд дангаараа Засгийн газраа бүрдүүлж ажиллана гэжээ. Г.Занданшатарын хувьд МАН-ын Бага хурлын үеэр "Засгийн газрыг дангаараа бүрдүүл гэсэн өмнөх Бага хурлаас гарсан улс төрийн шийдвэрийг дагана" гэж мэдэгдсэн байдаг. Өмнө нь гурван нам хамтарч Засгийн газрыг байгуулсан. Үүнээс үүдэн Засгийн газарт хамтарсан, хамтраагүй бүх намд гомдогч олон байсан. Харин энэ удаа Г.Занданшатар нам, бүлгийн эв нэгдлийг илүү хангаж ажиллана гэсэн байна.
Тэрбээр ажлаа авсан даруйдаа 400 орчим хяналтын болон бүтээмжийн менежерийн орон тоог татан буулгаж харин дэд сайд нарын албыг сэргээж магадгүй байна. Тэгвэл өмнөх Засгийн газрын сайд нараас хэн нь үлдэх вэ гэдэг нь хамгийн их анхаарал татаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өмнөх Засгийн газарт ажиллаж байсан 4-5 хүн сайдын ажлаа үргэлжлүүлэн хийх мэдээлэл байна.
Учир нь Г.Занданшатар өөрөө УИХ-ын гишүүн биш учир өмнөх Засгийн газарт ажиллаж байсан туршлагтай, парламентын гишүүн хүмүүсийг үлдээж байж УИХ дээр бодлогоо хамгаална гэж байгаа аж.
Энэ нь учиртай бөгөөд нэгдүгээрт, өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар муудаж, хаа сайгүй хоосон лангуу, хаалгаа барьсан аж ахуй нэгжээр дүүрсэн. Өнөөдрийн байдлаар инфляц улсын хэмжээнд 8.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 9.8 хувь байна. Инфляци ингэж хоёр оронтой тоо руу дөхөж, төгрөг цаас болж буй энэ цаг үед нэн тэргүүнд гадны хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн ухаалаг бодлого хэрэгжүүлэх, аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлж, ажлын байрыг олноор бий болгож байж ядуурал, ажилгүйдлээс гарах нэн тэргүүний шаардлага бий.
2024 оны сүүлээр гэхэд Монгол Улсад 247 мянган хувийн ААН бүртгэлтэй байсан. Гэвч тэдний тал нь татварын өндөр дарамтаас болгоомжилж үйл ажиллагаагаа эхлүүлээгүй судалгаа байгаа юм. Монгол Улсын нийт ажиллах хүчний 40 хувь нь хувийн ААН-д 20 орчим хувь нь төрийн албанд ажилладаг байна. Харин үлдсэн 40 хувь нь өрхийн юм уу хувь хүний бизнест ажиллаж татвараас зугатаж байна. Тэгэхээр дараагийн Засгийн газраас хамгийн эхэнд нийгмийн даатгал, татварын реформын шинэчлэлийг хүлээж байна.
-ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХАРГАЛЗАЖ МӨН 14 МЕГА ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙН ТУЛД ХУУЧНЫ ХЭДТЭЙГЭЭ АЖИЛЛАХ НЬ ҮР ДҮНТЭЙ ГЭЖЭЭ -
МАН-ын Бага хурлын үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Д.Тогтохсүрэн, Ж.Ганбаатар нарын туршлагтай гишүүд "Манай эдийн засгийн байдал хүндхэн байна. Экспортын орлого нэлээд хувиар унасан, төсвийн орлого бүрдэхгүй, дутагдаж байгаа. Тэгэхээр шаардлагатай байгаа улсын хөгжлийн төлөвлөгөөнд туссан, төсөв дээр дээр суусан хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжүүлэхгүй боломжгүй болсон байна.
Үүнийгээ яах вэ. Валютын нөөц нэлээд багасаад байдаг. Ханшаа хүчээр барьж байна. Ханш яах вэ. Энэ нь эргээд Засгийн газарт ямар нөлөө үзүүлэх вэ. Монголын эдийн засгийн тулгуур болсон хувийн хэвшлээ яах вэ гэдэг асуудал. Тэгэхээр санхүү, эдийн засгийн өндөр мэдлэгтэй хүн Ерөнхий сайдаар ажиллах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ бол Монголын эдийн засагт улаан гэрэл ассаныг хэн, хэн нь хүлээн зөвшөөрч буйг илтгэж буй үйл явдал. Тэгэхээр энэ хүнд нөхцөл байдлаас гарахын тулд шинэ хүн ажиллуулж туршихгүйгээр хуучны хэдтэйгээ ажилласан нь илүү үр дүнтэй бөгөөд цаг хугацаа алдахгүй чухал гэж үзжээ.
Хоёрдугаарт, Шинэ Засгийн газарт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлж байсан 14 мега төслийг эрэмбэлж үргэлжлүүлэх шаардлагыг улс төрийн хүрээнд ч, олон нийтийн зүгээс ч тавьж байгаа.
Тухайлбал,
- Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын төмөр зам, терминал барих
- Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо төмөр зам барих
- Тавантолгойн дулааны ЦС барих
- Эрдэнэбүрэнгийн УЦС барих
- Эгийн голын УЦС барих
- Сэргээгдэх ба тархмал эх үүсвэрийн эрчим хүчийг нэмэгдүүлэх
- Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор барих
- Зэс боловсруулах цогцолбор барих
- Гангийн цогцолбор барих
- Газрын тос боловсруулах үйлдвэр барих
- Алт цэвэршүүлэх үйлдвэр барих
- Монгол-Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлэх
- Орхон-Онги, Хэрлэн-Тоонот ус дамжуулах хоолойг барих
- Үндэсний хиймэл дагуулыг хөөргөх гэх мэт төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан. Хүн нь солигдсон ч дээрх ажлыг үргэлжлүүлэх нэн шаардлагатайг нийгмийн зүгээс анхааруулж буй. Өнгөрсөн өдрүүдэд эрх баригч МАН үе хоорондоо салж, дайтсан. Энэ хагарал цаашид ч үргэлжлэх нь үнэн. Үндсэндээ том тулаанд 70 оны ах нар нь 80 оны дүү нараа ялж харуулсан. Тэгвал ах нар шинэ Засгийн газарт ч байр сууриа хамгаалж үлдэх бололтой.