Баруун Европын Нидерланд улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн 2,000 гаруй халдвар бүртгэгдэж, 60 орчим хүн нас бараад байгаа юм.
Өчигдөр тус улсын парламентад халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байсан эрүүл мэндийн сайд Бруно Бруйнс хэт ядарсны улмаас ухаан алдаж унажээ.
Сөрөг хүчний хууль тогтоогч Герт Уилдерс тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг нь хүчтэй шүүмжилж байх үед индэр дээр зогсож байсан сайд хөл дээрээ тогтож чадалгүй унасан юм.
Нидерланд улс одоогоор сургууль, цэцэрлэгүүдээ хаасан ч Европын бусад улс орнууд шиг хилээ хаагаагүй байгаа.
Парламентын гишүүд ухаан алдсан сайдыг сэргээж, ус өгсөн байна.
Энэ явдлын дараа сайд Бруно Бруйнс “Би хэт ядарснаас ухаан алдаж уналаа. Одоо байдал дээрдэж байна. Өнөөдөр би гэртээ харьж, сайн амраад маргаашаас эхлэн коронавирусийн тахлын эсрэг боломжит бүх аргаараа тэмцэх болно” гэж твиттер хуудсандаа бичжээ.
Сайдыг ухаан алдтал нь шүүмжилж, дайрч давшилсан гэж буруутгагдсан Уилдерс мөн твиттер хуудсандаа сайн амарч, хурдан ажилдаа эргэж орохыг түүнд хүссэн байна.
Minister Bruins wordt onwel tijdens kamerdebat over #corona pic.twitter.com/pbdp1eVDm4
— floor bremer (@floorbremer) March 18, 2020