МАН-ын даргаар Д.Амарбаясгалан, Ерөнхий сайдаар 1970 оны хүнийг "томилно" хэмээн яригдаж байж магадгүй

МАН-ын даргаар Д.Амарбаясгалан, Ерөнхий сайдаар 1970 оны хүнийг "томилно" хэмээн яригдаж байж магадгүй

Даваа гараг /2025.06.02/-т хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх"-ийг гишүүдийн олонх дэмжээгүй тул тэрбээр огцорсон. Харин өдгөө дараагийн Ерөнхий сайд, МАН-ын дарга хэн болох талаар "таамаглал" нийгэмд хөвөрч эхлээд байна. 

Өчигдөр /2025.06.04/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдах төлөвтэй байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ МАН-ын удирдлагууд тохирч чадахгүй байгаа" гэх мэдээллийг ч өгч байгаа юм. Харин өнөөдөр /2025.06.05/ МАН-ын Бага хурал хуралдана гэсэн мэдээлэл байгаа "хуралдах эсэх" нь тодорхойгүй байна.

МАН-ын удирдах түвшний энэ бүх хурлаар Ерөнхий сайд, МАН-ын дарга хэн байхыг тодруулах ёстой.

Тэгвэл МАН-ын удирдлагууд дунд, "1980 оны залуучуудаа Ерөнхий сайдаар томилохгүй, харин 1970 оны гишүүдээсээ Ерөнхий сайдыг томилно" хэмээн яригдаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Энэ тохиолдолд МАН-аас нэр дэвшиж УИХ-д хэд, хэдэн удаа сонгогдсон, туршлагатай 1970 оны хүмүүсээс томилж магадгүй байгаа.

Харин МАН-ын даргын албан тушаалыг шинээр томилогдох Ерөнхий сайд нь давхар хаших уу, эсвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ыг удирдах уу гэсэн таамаг ч улс төрийн хүрээнд байна.

Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцроход УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дарга болж байсан. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулахад намын дарга М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалд сонгогдож байв. Энэ бүхнээс харахад УИХ-ын дарга "давхар" намын даргын албан тушаал хаших нь манай улсад шинэ зүйл ерөөс биш билээ.