Москвад сурдаг оюутан Г.Энхжин: Харих зөвлөмж өгснөөс дотуур байрнаас нь албадан гаргаагүй

Москвад сурдаг оюутан Г.Энхжин: Харих зөвлөмж өгснөөс дотуур байрнаас нь албадан гаргаагүй

ОХУ-д өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 147 тохиолдол бүртгэгдэж, өчигдөр нас барсан анхны тохиолдол гарчээ. Дээд боловсролын байгууллагууд хорио цээрийн дэглэмд шилжиж, алсын зайн сургалтыг нэвтрүүлсэн бол зарим нь дөрөвдүгээр сарын дунд хүртэл амралтаа зарлалаа. Зарим их дээд сургуулиуд дотуур байранд буй оюутнуудаа гарган, халдваргүйжүүлэх асуудлыг ярьж байна.

Энэ сарын 17-нд тус улсын Засгийн газраас гадуур амьдардаг болон сургуулийн дотуур байранд амьдарч буй гадаад оюутнуудыг гэртээ харих зөвлөмжийг өгсөн байна. Ингэснээр их сургуулийн дотуур байрны ачааллыг багасгаж ариутгал, цэвэрлэгээг хийх боломж бүрдэх тул оюутнуудыг энэ долоо хоног дуусахаас өмнө дотуур байрнаас гарахыг уриалж байна" гэж мэдэгджээ.

Бид Москва хотын нөхцөл байдал авч буй арга хэмжээний талаар Москвагийн удирдлагын их сургуулийн оюутан Г.Энхжингээс тодруулсан юм.

“ӨРӨӨНИЙ ОХИН  ХҮНС ЦУГЛУУЛАХ ГЭЖ ГАРААД БУДАА,
ГОЙМОН ОЛООГҮЙ”

-Сайн байна уу? Москвад нөхцөл байдал ямар байна?

-Сайн. Сайн байна уу. Ойрын үед хөдөлгөөн эрс багассан. Хөл хориог гуравдугаар сарын 16-наас гуравдугаар сарын 30-ныг хүртэл тогтоосон байгаа. Өдөрт тав, арав гээд өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаа учраас дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл  сунгагдана гэсэн албан бус мэдээллүүд гарсан.

-Маскны олдоц хэр байна? Үнэ нь мэдээж нэмэгдсэн байх?

-Гадуур эмийн сангуудаар маск огт байхгүй болсон. Энд гэхдээ Оросуудын ихэнхи нь маск зүүхгүй байна. 30 хувь нь л зүүж байгаа харагдсан. Үнийн хувьд гэвэл, өмнө нь 16 рублиэр зарж байсан маск 20 рубль болж нэмэгдсэн байсан.

ОРОСУУД ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ТООЛГҮЙ ЯВЖ БАЙГААД
СҮҮЛИЙН ХОЁР ХОНОГТ САНДАРЦГААЖ ЭХЭЛСЭН

-Хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллаж байна уу?

-Ер нь дэлгүүрүүдээр гурил, будаа гэх мэт зүйлс дуусаад байна. Хөлдөөсөн, бэлэн бүтээгдэхүүнүүд огт байхгүй болсон. Оросууд ер нь коронавирусийн халдварыг тоохгүй явж байгаад сүүлийн хоёр хоногт л сандарцгааж байна даа. Өнөөдөр манай өрөөний орос охин хүнс цуглуулах гэсэн боловч будаа, гоймон олдоогүй гэсэн.

“ОЮУТНУУДЫГ ДОТУУР БАЙРНААС АЛБАДАН ГАРГАЖ
БАЙГАА ЯВДАЛ ГАРААГҮЙ”

-Оюутнуудыг дотуур байрнаас гаргаж байгаа гэсэн? Энэ талаар ямар  мэдээлэл байна?

-Албан ёсоор бүх оюутнуудыг албадан гаргаж байгаа сургууль байхгүй. Дотуур байрны ариун цэвэр, тусгаарлах боломжоос нь хамааран өөрсдөө харихыг зөвлөж байна. Манай сургууль бол одоогоор хэвийн байлгаж л байна.

-Танай сургуулийн дотуур байрны хувьд одоогоор хэдэн оюутан байна? Яаж өөрсдийгөө хамгаалж байна?

-Орос оюутнуудын ихэнхи нь гэртээ харьцгаасан. Байр бараг хоосорсон. Одоогоор 10 оюутан л байна. Байрнаас бол гарж болж байгаа. Орой 23:00 цаг хүртэл онгорхой байдаг. Харин орж, гарахад тогтмол халуун үзэж байна.

“МОСКВАД НИЙТИЙН НЭЭВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД ХЭВИЙН
АЖИЛЛАЖ БАЙНА”

-Москвад халдварын тархалтыг хумих, иргэдийг сэрэмжлүүлэх тал дээр яаж ажиллаж байна?

-Дотуур байранд зурагтгүй болохоор зурагтаар хэрхэн мэдээлж байгааг сайн мэдэхгүй л байна. Ихэвчлэн сайтууд руу орж л мэдээлэл авч байна. Монгол шиг өдөр бүр анхааруулсан зурвас илгээж, тогтмол мэдээлэл хүргэхгүй л байна.

-Үзвэр үйлчилгээний газрууд болон нийтийн тээвэр бас зогссон уу?

-Үгүй ээ. Хэдэн сая хүн чихэлдээд зорчдог метро нь ажилласаар л байна. Одоогоор ресторан, театр зэрэг үзвэр үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж байна лээ. Гэхдээ хөл хөдөлгөөн сүүлийн хэд хоногт эрс цөөрсөн.

-Хичээл нь онлайнаар явагдаж байгаа юу?

-Тийм ээ. Бүгд онлайн хичээлээ хийгээд явж байна.

-Монгол оюутнууд ер нь байгаа юу? Өөрөө эх орондоо ирэх бодолтой байна уу?

-Өдөрт 20-30 оюутан Улаан-Үдээр дамжин буцацгааж байна. Миний хувьд маргааш харих гэж байгаа. Энд байгаа 10 оюутнаас гурав нь буцна гэж ярьж байна. Үлдсэн нь эргэлзээтэй.

-ОХУ-аас ирж буй оюутнууд зөвхөн Алтанбулаг боомтоор дамжин орж ирэх боломжтой гэсэн?

-Тиймээ, тэнд буугаад бүгд Сэлэнгэ аймагт 14 хоног тусгаарлагдана.

-Ярилцсанд баярлалаа.