БАРИМТ: "БНСУ-ын иргэнээс 50 сая вон авч, шүүхээр шийтгүүлсэн С.Ганбаатар"-ын хэргийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сануулав уу

БАРИМТ: "БНСУ-ын иргэнээс 50 сая вон авч, шүүхээр шийтгүүлсэн С.Ганбаатар"-ын хэргийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сануулав уу

"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг хэлэлцсэн УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр энэ үеэрээ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн суудаг чуулганы танхимын хэсэг рүү хараад, "Би Ерөнхийлөгчийн өндөр сэнтийг 50 сая воноор зараагүй. Би таван нам дамжиж амьдраагүй" хэмээн мэдэгдсэн юм. 

ВИДЕО:  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдэгдлийн хэсэг

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ мэдэгдлээ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Ганбаатарт хандаж хэлсэн байж магадгүй байгаа юм. Учир нь МАХН-аас С.Ганбаатар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвших үеэрээ БНСУ-ын иргэн Юү Ван Су гэгчээс 50 сая воннын хандив авсан гэх бичиг ил болж байсан. Энэ талаар ЦЕГ-аас, “Хандив авч байгаа бичлэг нь тавдугаар сарын 23-ны /2017.05.23/ өдөр С.Ганбаатарын гэрт болсон, ямар нэг засвар эвлүүлэггүй болох нь тогтоогдсон” гэж мэдэгдэж байлаа. 

ВИДЕО: С.Ганбаатарын БНСУ-ын иргэнээс 50 сая вон авч буй бичлэг

Ингээд С.Ганбаатарын гадаадын иргэнээс хандив авсан хэргийн шүүх хурал 2017 оны аравдугаар сарын 30-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болж түүнд хуулийн хариуцлага хүлээлгэж байв. 

Тодруулбал, “С.Ганбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх заалтад “Гадаад улсын иргэнээс хандив өгөх, хүлээн авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Иймд Сонгуулийн тухай хуулийн 50.10 дугаар зүйлийн 50.10.2 дахь заалтад зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.  Мөн Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэгт зааснаар С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг Сонгуулийн Ерөнхий хороонд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлсэн” гэж шүүхээс мэдээлж байсан юм. Мөн С.Ганбаатар нь ХҮН нам, МАХН, АН зэрэг улс төрийн намуудад элсэж, сонгуульд нэр дэвшиж явсан нэгэн юм. 

 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө