ОХУ их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтаа хойшлууллаа

ОХУ их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтаа хойшлууллаа

ОХУ ерөнхий боловсролын бүх сургуулиа гуравдугаар сарын 23-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван долоо хоногийн турш амраахаар болсон талаар Гэгээрлийн сайд Сергей Кравцов мэдэгджээ. Энэхүү шийдвэрийг коронавирусийн тархалттай холбоотойгоор гаргасан байна.

Түүнчлэн ЕГЭ буюу ОХУ-ын их дээд сургуульд элсэх улсын шалгалтын дөрөвдүгээр сард болох шалгалтын хугацааг зургаадугаар сард зохион байгуулахаар хойшлуулжээ.

Тодруулбал,

урьдчилсан шалгалт гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 13-нд /өмнөх жилүүдийн төгсөгчид/

үндсэн шалгалт тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 29-ний хооронд /энэ жилийн төгсөгчид/

давтан шалгалтыг есдүгээр сарын 4-нөөс 22-нд  /энэ жил төгсөөд шалгалт өгсөн ч шалгалтын үр дүндээ сэтгэл ханамжгүй байгаа төгсөгчид өгөх эрхтэй/ зохион байгуулах хуваарьтай байсан.

“Өнгөрсөн жил болон түүний өмнөх жилүүдэд төгссөн ЕГЭ өгч амжаагүй 32 мянган хүүхэд зургаадугаар сард үндсэн хуваарьт багтан шалгалтаа өгөх боломжтой. Шалгалт зохион байгуулах нөөц өдөр байгаа” гэжээ.

ОХУ-д хамгийн сүүлийн үеийн мэдээллээр коронавирусийн халдвар авсан 114 тохиолдол бүртгэгдсэн ба тэдгээрээс таван хүн эдгэсэн байна.

Амралтын хугацаанд алсын зайн сургалт явуулах бөгөөд хүүхдүүдэд зориулсан зарим зайн сургалтыг үнэгүй болгожээ. Түүнчлэн зарим томоохон хэвлэлийн газрууд сурах бичгүүдийг нь цахимаар үнэгүй ашиглах боломжтой болгосон байна.

Одоогоор ОХУ-ын нийслэл Москва хотноо хөл хорио тогтоож, ерөнхий боловсролын болон спортын сургуулиуд хаалгаа бариад байна.

Эх сурвалж: RBC, Interfax