Өчигдөр шөнө ХӨСҮТ-д 453 хүн хандсанаас 120 гаруй нь халдвараар өвчилсөн нь батлагдсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Өчигдөр шөнө ХӨСҮТ-д 453 хүн хандсанаас 120 гаруй нь халдвараар өвчилсөн нь батлагдсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр /2025.05.30/ мэдээлэл хийлээ.

ВИДЕО: 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр “Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар нийслэлд эрчимтэй нэмэгдэж, зөвхөн өчигдөр шөнө гэхэд ХӨСҮТ-д 453 хүн хандсанаас 120 гаруй нь халдвараар өвчилсөн нь батлагдсан. Тэдгээрээс 50 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, үлдсэн нь гэрээр эмчлэгдэж байна. Иймээс иргэд ХӨСҮТ-д шууд ирэхийн оронд эхлээд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандаж, дүүргийн эмчийн үзлэгт хамрагдахыг зөвлөж байна. Халдвар голомтлон гарч буй байршлуудыг нарийвчлан судалж, хариу арга хэмжээнүүдийг авч байгаа. Одоогоор Чингэлтэй, Баянгол, Хан-Уул зэрэг дүүргүүдийн сургуулиудад халдварын өндөр эрсдэл бүхий голомтууд бүртгэгдсэн байна. Гэвч зарим сургуулиудад дархлаажуулалт хийхийг эцэг эхчүүд эсэргүүцэж байгаа нь халдварын тархалтыг зогсоох ажлыг хүндрүүлж байна. Халдвар авсан хүүхдүүдийн мэдээллийг дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлж, өрхийн эмчийн хяналтад шилжүүлж байгаа. Гэрээр эмчлэгдэж байгаа хүүхдүүдийг гадуур явахгүй байж, халдвар тараах эрсдэлээс сэргийлэх нь чухал. Цаашлаад ойр орчны хүмүүс, тэр дундаа вакцинд хамрагдаагүй хүмүүсийг дархлаажуулах шаардлагатай байна.

Сургууль, цэцэрлэгийг бүгдийг нь нэгэн зэрэг амраах боломжгүй учир халдвар гарсан ангиудад хэсэгчлэн арга хэмжээ авах, дархлаажуулалт хийх, өвдсөн хүүхдүүдийг чөлөөлөх зэрэг шийдлүүдийг хэрэгжүүлж байна.

Улаанбурхан өвчний нийт 4,274 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс 2,793 нь эдгэрсэн. Хүндэрсэн тохиолдлуудын дийлэнх нь вакцинд хамрагдаагүй буюу нас нь болоогүй, дархлаа сул, уушгины суурь өвчтэй хүүхдүүд байна. Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс улаанбурханы халдварыг хумих, хүндрэлийг багасгахын тулд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, эмчийн хяналтад байх, олон нийтийн арга хэмжээнд хүүхдүүдийг оролцуулахгүй байх, зөв мэдээллээр хангагдах нь маш чухал гэдгийг онцолж байна” гэлээ.