Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр долоо хоногийн зайтай "Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй" гэж мэдэгдэв.
Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр /2025.05.28/ Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход, Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно" гэж мэдэгдсэн.
Харин өнөөдөр /2025.05.29/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн албан ёсны хуудсаар "Сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх асуудал улс төрийн хүрээнд, олон нийтийн дунд яригдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлье.
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэж төрийн тэргүүний хувьд үздэг. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэхүү байр сууриа олон нийтэд нээлттэй ил тод илэрхийлж байсан гэдгийг сануулъя" гэж мэдэгдлээ.
Тэрбээр ижил утга агуулга бүхий хоёр ч мэдэгдлийг ойрхон хийсэн нь ямар учиртай талаар улс төрийн хүрээнд ярьж байна. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлоод огцроод өг гэсэн олон нийтийн шаардлагатай зэрэгцэн "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин нэр дэвшихийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Ингэхдээ ард нийтийн санал асуулгыг ирэх намар явуулж үр дүнд нь Үндсэн хуулийг өөрчилж, Монгол Улсыг парламентын засаглалтай бус Ерөнхийлөгчийн засаглалтай болгох гэж байна. Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Үндсэн хуульд өөрчлөлт оруул гэж шахаж байгаа. Үгэнд нь ороогүй учир огцруулхаар хөдөлж эхэлсэн" гэх мөлхөө пи ар, яриа улс төрийн хүрээнд яригдсан. УИХ-ын гишүүдийг ч энэ мэдээллээр айлгаж байгаа гэх мэдээлэл бий.
Тэгвэл үүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хариулт өгч, дээрх мэдээллийг няцааж байх магадлалтай аж. Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Төрийн ордонд уулзаж, "Огцрох өргөдлөө өг. Танай Засгийн газар нийтийн дэмжлэггүй болсон" гэж хэлсэн гэх мэдээлэл бий. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхийн оронд өөрт нь итгэл хүлээлгээч гэх тогтоолын төслийг УИХ-д өчигдөр хүргүүлээд байна.